Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгохдоо өрх, дүүрэг, хороо, нийгмийн халамжийн байгууллагаар хэдэнтээ явж, үйлчилгээ авах нь бий. Энэ нь тэдэнд ихээхэн хүндрэл бэрхшээл үүсгэдэг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг хоёр шатны бус, нэг удаагийн хурлаар хэлэлцэж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд иргэдийг биеэр заавал ирүүлэхгүйгээр магадалж эхэлсэн байна. Мөн хорт хавдар, хүнд хэлбэрийн сүрьеэ, гар, хөлийн протезтэй болон бусад хүнд оноштой иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг хоёр, гурван жил гэж заахгүйгээр насан туршид нь халамжид хамруулах байдлаар өөрчилжээ.
Ташрамд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог өвчний жагсаалтыг 2023 онд шинэчлэн баталсан аж. Одоогоор 507 нэр, төрлийн өвчний оношоор уг магадалгааг хийж буй гэнэ. Үүнээс 97 өвчний шалтгааныг хугацаагүйгээр буюу дээр дурдсанчлан шууд тогтоож байгааг албаныхан хэллээ.
Улсын хэмжээнд өдгөө 102 657 хүн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаанаар нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг юм байна.
О.УНДРАХ