Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент Evandis компанийн зохион байгуулж буй энэ "SUPER CONCERT" энэ сарын 15 ны өдөр HIT PARK- д болно. Тоглолтын гол зочид нь дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар байх юм. СанДара Парк гэхэд дэлхийд хэдийнээ танигдсан, супер од бөгөөд 10 сая дагагчтай нэгэн. Өнөөдөр "SUPER CONCERT"-ын зохион байгуулагч Evandis компанийн Жон Ко болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Жон Ко мэдээллийн эхэнд “Валентины баяраас хойш хоёр дахь удаагаа та бүхэнтэйгээ уулзаж буйдаа баяртай байна. Өмнө нь алдарт Bloo-тэй та бүхнийг уулзуулсан.
Энэ удаа Rain, Дара нарыг Монголд урих амаргүй байлаа. Мөнгөндөө гол биш дэлхийн оддыг зөвшөөрүүлэх, харилцаа холбоо тогтоох гээд олон асуудал байлаа. Rain Монголын талаар ямар нэг ойлголтгүй байсан. Тэр “Танай Монголчууд ажилдаа мориор явдаг уу” гэж асуусан. Түүнд Монгол орон ямар их хөгжсөнийг харуулна. Хөдөө авч явж морь унуулж, бууз идүүлнэ. Тэр эргэж очоод Монголыг сурталчлах нь дамжиггүй. Ер нь Evandis компанийн болоод миний даалгавар бол Монголыг олон улсад сурталчлах юм. Мөн гурван дуучныг дагаж Солонгосоос тоглолтын баг ирнэ. Зохион байгуулалт, тайз, тоглолт, хөгжмийн дуугаралт гээд бүх зүйл супер байх болно. Бид энэ бүхний төлөө хөдөлмөрлөсөөр байна. Ерөнхийдөө энэ тоглолт Монголыг сурталчилсан маш том шоу байх болно” хэмээн онцолсон.
"SUPER CONCERT"-ын эхний хэсэгт Монгол дуучид ая дуугаа өргөнө. Дараагийн хэсэгт Rain, Дара, Bloo нар дуулна. Монгол, Солонгос одод нэгэн тайзнаа гарч, өөрийн өөрийн орны тайзны соёл, онцлогийг харуулна. HIT PARK уг нь 35 000 хүний багтаамжтай. Гэхдээ зохион байгуулагчид үзэгчдийн аюулгүй байдлыг бодолцож, 25 000 хүнд л тасалбар борлуулах аж. Ийнхүү Монголын хүүхэд, залуус дэлхийн хэмжээний оддыг дэргэдээс нь харж, олон улсын цараатай том шоуг Монголдоо үзэж, нэг оройн турш сэтгэл юугаан хөглөж, таашаал авч, ташраараа жаргаж, эморох нь ээ.
Rain, Дара, Bloo нар тоглолтын өмнөх өдөр ирэх юм байна. Энэ удаагийн тоглолтод Rain найман дуу дуулах аж. А зэрэглэлийн артистын хувьд Rain хамгийн сайн менежментийн багтай л ажилладаг юм байна. Харин эл үүргийг манай маркетингийн баг хүлээж, чадлаараа хичээж, урлагийн салбартаа нэг алхам ч гэсэн урагшилж, соёл түгээхийн төлөө ажиллаж байгаа ажээ. Улмаар тэд Rain, Дара нарыг урихын тулд өөр хэд хэдэн орны продюсерүүдтэй өрсөлдөж, тоглолтын эрхийг нь авч чадсан байна. Тиймээс олон улсын стандартын дагуу супер нэрэндээ дүйцсэн супер тоглолт хийхээ тэд амласан юм.
Энэ жил төдийгүй ирэх жил ч Монголд Солонгосын оддоор “бороо” орох нь. Тодорхой хэлбэл, Evandis компани ирэх жил илүү том илүү өргөн бүрэлдэхүүнтэй, дэлхийн хэмжээний томоохон шоуг Монголд зохион байгуулахаар төлөвлөж, хэдийн бэлтгэл ажилдаа орсноо Жон Ко мөн дуулгасан юм.
Сүүлийн жилүүдэд манай улсыг зорин ирэх Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоо нэмэгдэж, хоёр орны аялал жуулчлалын салбар улам бүр өргөжсөөр байна. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн хүрээнд “Сэргэлэн охин Ян Сун” киногоор бидний эчнээ танил жүжигчин Жан Хёг тэргүүтэй уран бүтээлчид ирж, Монгол орны үзэсгэлэнт байгалийг есөн ангит нэвтрүүлгээр харуулсан. Мөн Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент Evandis компанийн урилгаар энэ оны хоёрдугаар сард Гэгээн хайрын баярыг тохиолдуулан Ким Хён Жүн, Bloo нар ирж, монгол шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан билээ.