Гаазын зурваст байдал хурцадмал хэвээр, хүний амь эрсэдсээр байна. Өнгөрсөн сарын 31-нд Израилын армийн цэргүүд ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан зургаан хүний цогцсыг Гаазын зурвас дахь хонгилоос олсон нь үүнд ихээхэн нөлөөлжээ. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Израил үүнийг мартахгүй, тайвшрахгүй. Үүний төлөө ХАМАС асар өндөр үнэ төлөх болно” гэж мэдэгдлээ. ХАМАС-ын барьцаанд буй хүмүүсээ даруй суллаж авахыг шаардсан, энэ тал дээр муу ажиллалаа хэмээн Засгийн газраа шүүмжилсэн израил хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийж байна. Цогцсууд олдсоны маргааш нь тэдний нэрсийг олон нийтийн сонорт хүргэсэн. Түүнээс үзвэл Оросын иргэн Александр Лобанов, Америкийн иргэн 23 настай Херш Голберг нар тэдний дотор байжээ. Тэд хоёул Израилын давхар иргэншилтэй байж. ХАМАС-ын Улс төрийн товчооны гишүүн Иззатар-Ришик Гаазын зурваст барьцааны хүмүүс амиа алдсанд Израилыг буруутгав. ХАМАС-ын цэргийн жигүүрийн “Аль-Кассам” бригадын хэвлэлийн нарийн бичгийн дарга Абу Обайда “Барьцааны хүмүүсээ Нетаньяху хэлэлцээрээр биш, байлдаан хийж чөлөөлж авах гээд байгаа. Энэ нь тэд гэртээ австай харина гэсэн үг” хэмээн сэрэмжлүүлсэн байх юм. Израилын барьцааны хүн өвдөг сөхрөөд суучихсан, ХАМАС-ын дайчин буугаа барьчихсан зургийг иврит хэлээр “Солилцоо бол эрх чөлөө, амьдрал.
Цэргийн хүчээр дарамт шахалт үзүүлэх нь үхэл, сүйрэл” гэсэн бичигтэй олон түмэнд хүргэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Палестины хөдөлгөөнийхнөөс хариу авна гэж заналхийлээд, барьцааны хүмүүсийг суллуулах талаар хийж буй ажлаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэв. ХАМАС, Израилын хоорондын хурцадмал байдалд НҮБ ч анхаарлаа хандуулж байна. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш барьцааны бүх хүнийг суллахыг, Гаазын зурвас дахь байлдаанаа зогсоохыг энэ сарын 1-нд уриаллаа. Тэрбээр амь үрэгдсэн Херш Голдберг-Полинагийн эцэг, эх, ХАМАС-ын барьцаанд буй хүмүүсийн төрөл садантай уулзсан байна. ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийн дотор орос хүн бас нэг байгаа, түүнийг суллуулахын төлөө цэргийнхэнтэй хамтран хүчин чармайлт гаргана хэмээн Израилд суугаа Оросын Элчин сайд хэлжээ. Палестинчууд өөрийн улсыг Йордан голын баруун эрэгт байгуулж, Зүүн Йерусалим хотыг нийслэлээ болгон, хоёр улсын хоорондын хилийн шугамыг 1967 онд болсон Зургаан өдрийн дайны өмнөх үеийнхээр тогтоохыг хүсэж байгаа аж. Үүнийг Израил зөвшөөрдөггүй.
“Палестины исламын жихад” гэдэг алан хядагч байгууллагын “Төв лагерь” хэмээх бригадын командлагч Мухаммад Катруи гэгчийг устгаснаа Израилын арми (ЦАХАЛ) наймдугаар сарын 31-нд мэдээлэв. Ер нь 2023 оны аравдугаар сарын 7-ны өглөө Израил руу ХАМАС довтолсноос хойш 40.7 мянган палестин хүний амь үрэгдээд байгаа гэсэн мэдээлэл саяхан нийтэд түгсэн. Баримт сөхвөл Мухаммад Катруи нь Гаазын зурвасын төв хэсгээс Израилыг пуужингаар харвасан болон тус улсын иргэд, цэргүүдийн эсрэг “Палестины исламын жихад”-ын явуулсан үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх ёстой этгээд байсан аж. Америкийн буяны байгууллагаас зохион байгуулан Рафах дахь эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, түлш зөөж явсан цуваа руу Израилын арми довтолжээ. Уг нь энэхүү цуваа явж өнгөрөх замыг Израилын армитай урьдчилан тохирсон байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр нь дэвшээд байгаа хатагтай Камала Харрис Палестин-Израилын хоорондын зөрчил тэмцлийг хоёр талын энхийн яриа
хэлэлцээрээр зохицуулах нь чухал болохыг саяхан мэдэгдсэн. Тэрбээр нэр дэвшигчийн хувиар наймдугаар сарын 29-нд CNN телевизээр анх удаа ярилцлага өгөхдөө ийн хэлжээ. “Израилыг хамгаалах бодлогоос би ухрахгүй. Эргэж санавал, аравдугаар сарын 7-нд хөгжмийн наадамд ирээд байсан 1200 хүн, олон залуу амь үрэгдсэн. Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй ч бас гэм зэмгүй олон палестин хүн амиа алдлаа. Тэдхэл амаа ололцох ёстой” гэж хэлсэн байна. Харрис хэлсэн үгэндээ Дональд Трампын Ерөнхийлөгч байсан үеийг дурсаад авчээ. Түүний үзэж буйгаар Трампын явуулсан бодлого Америкийн нийгмийг “хоёр хуваасан” аж. Гэлээ ч Гаазын зурваст энх амгалан тогтооход түлхэц үзүүлэхээр АНУ чармайлтаа үргэлжлүүлж байгаа. Гал зогсоох тохиролцоонд хүрэх боломж бий гэж үзэж буй юм байна. Гэтэл Гаазын зурваст гал зогсоох тухайд шинээр тавьж буй санал нь зөвхөн Израилын талд ашигтай, энэ оны долоодугаар сарын 2-нд хийсэн тохиролцоонд огт хамаарахгүй гэж ХАМАС-ын төлөөлөгч хэлсэн байна. Гаазын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээрийн эхний үе шат нь наймдугаар сарын 15-16-нд Израил, АНУ, Катар, Египетийн оролцоотойгоор Доха хотод болсныг бид мэднэ. Түүнд оролцохоос ХАМАС татгалзсан.
Дараагийн уулзалт Каир хотноо долоо хоногийн дараа болох байтал долоодугаар сарын 30-нд Израилын арми Бейрут дэх “Хезболла” хөдөлгөөний объектуудад цохилт өгснөөр Ойрхи Дорнодод байдал хурцадсан. “Хезболла”-гийн командлагчдын нэг Фуад Шукр энэ цохилтод өртөж амиа алдсан юм. Маргааш нь Тегеранд цохилт өгөх үеэр ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хания, бие хамгаалагчийнхаа хамт амь үрэгдсэн. Наймдугаар сарын 29-нд Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант сэтгүүлчидтэй уулзахдаа Палестины ХАМАС хөдөлгөөний батальон, бригадуудын ихэнх нь бут цохигдсон гэж мэдэгдэв. Тэрбээр “Сүүлийн 11 сарын хугацаанд Израил улс долоон фронтод довтолгоонтой нүүр тулгарсан. Бүгдийнх нь эсрэг бид тулалдаж, ХАМАС-ын цэргийн удирдлагын тэргүүн Мухаммед Дейф устгагдаж, алан хядагчдын бүхэл бүтэн гинжин хэлхээ тасарсан. Израилын армийн энэ амжилттай ажиллагаа Гаазын зурваст оршин суугчдын ихэнхэд нь гэртээ буцаж ирэх боломж олголоо” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн барьцаалсан хүмүүсээсээ нэлээд олныг суллаж, ХАМАС-ын хяналтад байгааг нь буцааж авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж тэр үзэж байв. Наймдугаар сарын 27-нд Гаазын зурваст тусгай ажиллагаа явуулж 2023 оны аравдугаар сарын 7-нд олзлогдсон 52 настай нэг израил хүнийг чөлөөлж авчээ.
Одоо Израилын 50 хүн Гаазын зурваст амь мэнд байгаа гэж тус улс тооцоолж байгаа юм. Израилын арми болон Агаарын цэргийн хүчин ньСири-Ливаны залгаа хил дээр “Исламын жихад” хэмээх алан хядах байгууллагын хээрийн цэргийн гол хүний нэг Фарис Касим гэгчийг устгасан гэж наймдугаар сарын 28-нд мэдэгдэв. Тусулсын армийн төлөөлөгчийн нотолж байгаагаар энэхүү Касим палестин хүмүүсийг Ливаны “Хезболла” хөдөлгөөнд элсүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн байна. “Хезболла” нэг удирдагч Фуад Шукрийг нь устгасны хариуд Израилд цохилт өгнө хэмээн наймдугаар сарын 25-нд зарласан байдаг. Тэгээд Израилын “цэргийн онцгой байнууд” болон “Төмөр цамхаг”-т нь цохилт өгчээ. Удалгүй Гаазын зурваст гал зогсоох хэлэлцээрийг амжилттай болгох үүднээс уг ажиллагааг зогсоож буйгаа “Хезболла” мэдэгдсэн. Барьцааны хүмүүсээс амь үрэгдсэн нь Израилд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүрээд байна. Өнгөрсөн ням гаргийн орой эхэлсэн уг арга хэмжээнд 500 мянга орчим хүн оролцжээ. Маргааш нь тэмцэл үргэлжилж, ажил хаялт ч зарлав. Эсэргүүцэлд нэгдэгчид зөвхөн ХАМАС-ыг буруутгасангүй. Барьцаанд байгаа хүмүүсээ суллаж авах талаар эсрэг хүчинтэйгээ хэл амаа ололцож чадаагүй Засгийн газраа ч шүүмжилжээ. “Израилын удирдагчдын сэтгэлийг олзонд буй хүмүүсийн хувь заяа биш, эрх мэдлээ хадгалж үлдэж чадах, эсэх нь л зовоож байна” гэж тэд онцлов. Сонгууль шинээр явуулбал сөрөг хүчин нь ялж, авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Нетаньяху хоосон хоцрох магадлалтай гэж эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид хэлжээ. Зарим сайдтайгаа санал нийлэхгүй байгаагаа Нетаньяху энэ сарын 2-нд болсон хэвлэлийн бага хурлаар хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр 14 километр хонгил ХАМАС-т “хүчил төрөгчийн хоолой” болж байгаа аж.
Энэ хонгилыг “Филадельфигийн” гэж нэрлэдэг. Израилын Ерөнхий сайдын үзэж буйгаар тэдний арми зуучлагчдын тохиролцсоноор энэ хонгилоос 42 өдөр хөндийрвөл ХАМАС эргэж байрандаа очиж, шинээр давшилт хийхээр зэвсэглэж чадахгүй аж. “Моссад”-ын захирал Давид Барена энэ сарын 2-нд олон улсын зуучлагчидтай уулзахаар Дохад очсон ч Нетаньяхугийн хэлснээр Филадельфигийн хонгилын тухай үг хэлэлцэн тохирох боломжийг үгүй болгосон талаарCNN-ийн эх сурвалж мэдэгдлээ. “Нетаньяху болон түүний эвслийн хэт барууны түншүүд нь аливаа буулт ХАМАС-ын байр суурийг хүчтэй болгоно” гэж Оросын ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Людмила Самарская мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн намжина гэдэгт энэ шинжээч итгэхгүй байгаа аж. Тийм ч учраас Израилын нийгмийн дотоод дахь дарамт, шүүмжлэлийг үл тоон Израилын Засгийн газрын байр суурь хэлэлцээрийн үеэр өөрчлөгдөхгүй гэж шинжээч үзжээ. “Засгийн газраа шүүмжлэх нь нэмэгдэж байгаа ч Гаазын зурвас дахь дайн, ХАМАС-тай хийх хэлэлцээр болон эрх баригч эвслийн нийгмийн байр суурьт гойд нөлөө үзүүлэхгүй” гэж Самарская хэлсэн байна. Дотоодынхоос гадна Нетаньяхугийн Засгийн газарт үзүүлж буй гадаад дарамт шахалт ч нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, Израилын нэг түнш Британи Нетаньяхуд дарамт шахалт үзүүлж эхэлжээ.