Бидний мэддэг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн дэргэд буюу Ботаникт Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан өчигдөр үүдээ нээлээ. Ингэснээр тус сургуулийн харьяа номын сангийн тоо нэгээр нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, АШУҮИС-ийн төв байр болон Сувилахуйн сургуульд тус бүр нэг номын сан бий. Монгол Улсад анх удаа их сургуулийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй юм. Тодруулбал, анагаах ухааны сургууль, сургалтын эмнэлэг, номын сан, соёлын төв, спортын ордон, хичээлийн болон оюутны дотуур байр, багш, ажилчдын орон сууцаас бүрдсэн цогцолбор хотхоныг барьж байна. Уг номын сан нь цогцолбор хотхоны зургаа дахь барилга бөгөөд3000 орчим ам метр талбайтай, 500 орчим уншигчид үйлчлэх хүчин чадалтай юм.
Мөн орчин үеийн интерьерийн шийдэлтэй уг цогцолборт эмч, багш, оюутнуудад зориулсан амрах өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлснээрээ онцлог. Тухайлбал, дөрвөн давхар уг барилгад олон улсын стандартын дагуу хурлын танхим, мультмедиа өрөө, цахим номын сан, кофе шоп зэргийг цогцоор нь шийдсэнээр оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгаа хийх таатай орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн 24 цагаар ажиллах боломж той гэнэ. Номын сангийн нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж “Номын санг сургуулийн өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. “Ковид-19” цар тахлын үеэс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Бүх түвшний сургалтын үйл ажиллагаанд хэрэглэж буй сурах бичиг тэргүүтэй 170 мянга гаруй номын фондтой. Энэхүү номын санг нээснээр сургалтын үйл ажиллагаанд том ахиц гарна” гэв.