Манай улс Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газруудын сүлжээнд энэ онд бүртгүүлсэн билээ. Тэгвэл үүний баримт болсон албан ёсны батламжийг Хэнтий аймгийн Дадал сумд энэ сарын 2-5-нд зохион байгуулсан “ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийн үеэр холбогдох байгууллагынханд гардуулан өгчээ.
Уг арга хэмжээг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Бээжин дэх төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Дэ нэйче консерванси”, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулжээ. Гол зорилго нь үндэсний хэмжээний болон орон нутгийн холбогдох байгууллагын ажилтнуудын дэлхийн өвийн конвенцын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, байгаль хамгааллын тогтвортой бодлого хэрэгжүүлэх аж. Үүнд 100 орчим хүн оролцжээ.
Н.МИШЭЭЛ