Энэ оны элсэлтийн шалгалтыг өнгөрсөн долоодугаар сарын 4-7-нд зохион байгуулсан билээ. Улсын хэмжээнд 36 мянга гаруй хүүхэд нийт 10 хичээлээр шалгуулсан юм. Шалгалтын дүнд математик, химийн хичээлээр хүүхдүүд сүүл мушгисан. Өөрөөр хэлбэл, математикийн шалгалтын улсын дундаж оноо 24.3, хими 25.3-тай үнэлэгдлээ. Хичээл тус бүрд 100 оноо авахаас ингэж үнэлэгдсэн нь туйлын хангалтгүй хэмээн олон нийт шүүмжилж байв. Элсэлтийн шалгалтын дүн Монголын боловсролын салбарыг ямархуу түвшинд явааг илчилсэн.
Гэхдээ ийм байдал энэ жил гэнэт үүсчихсэн юм биш. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд элсэлтийн шалгалтын улсын дундаж үнэлгээ иймэрхүү түвшинд байсныг мэргэжилтнүүд хэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дотооддоо ингэж үнэлэгдэв. Тэгвэл олон улсад мөн тааруу дүн тавиулсан юм. Монгол Улс 2022 онд анх удаа PISA олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд хамрагдсан. Үүнд 196 сургуулийн 15 настай 7300 сурагч сонгогдон оролцсон юм. Эл үнэлгээний үр дүнд манай сурагчид 81 орноос математикаар 47, унших чадвараар 65, байгалийн ухаанаар 53 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Боловсролын асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэнийг дээрх хоёр баримтаас харж болохоор. Нэн яаралтай дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордох нь.
Манай улсын суурь боловсрол олгож буй системд гажуудал бийг дээрх дүн бэлхнээ харуулж байна. Олон улсын болон элсэлтийн шалгалтын дүн хоорондоо ойролцоо гарч буй нь бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх цаг болсныг илтгэнэ. Цаашид яах вэ гэдэг арга замыг маш тодорхой, яаралтай шийдвэрлэх хэрэгцээ салбарын сайд болон мэргэжилтнүүдийн толгойны өвчин болоод буй. Үүнийг хэрхэн, яаж засах вэ. Засаж залруулах нэг арга нь элсэлтийн шалгалтыг чангаруулах гэнэ. Боловсролын сайд элсэлтийн шалгалтын босго оноог үе шаттайгаар нэмэгдүүлэх талаар ээлжит шуурхай хуралдааныхаа үеэр үүрэг, чиглэл өгч байв. Өдгөө үндэсний босго оноо 480 буй. Үүнийг 500, түүнээс дээш болгож нэмэгдүүлэх аж. Хатуухан хэлэхэд, чадахгүй бол их, дээд сургуульд сурч цаг алдах шаардлагагүй болох нь.
Тодруулбал, хоёр жилийн дараа буюу 2026 оноос элсэлтийн шалгалтад тодорхой өөрчлөлт оруулахаар болжээ. Боловсролын ерөнхий болон дагалдах бусад хуулийг өнгөрсөн онд баталсан. Үүний хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтыг элсэлтийн шалгалт гэж томьёолсон билээ. Элсэлтийн шалгалтын журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирал баталдаг байсан бол өдгөө Боловсролын сайд батлахаар өөрчлөлт оруулсан юм. Үүнтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 16-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А66 дугаар тушаалаар элсэлтийн шалгалтыг зохион байгуулах журмыг баталжээ. Журмын гол онцлог нь элсэлтийн шалгалтыг 2024, 2025 онд хэрхэн зохион байгуулах талаар тусгасан байна. Мөн 2026 оноос зохион байгуулалт, агуулга, арга зүйн хувьд ямар өөрчлөлт оруулах тухай тусгайлан зааж өгчээ. Манай улс их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэж буй буюу арванхоёрдугаар анги төгсөгчдөөс 2006 оноос элсэлтийн шалгалт авч эхэлсэн түүхтэй. 2022 оноос элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулж буй. Жилд ойролцоогоор 40 мянга орчим хүүхэд шалгуулдаг бөгөөд 200-800 оноогоор эрэмбэлэгддэг билээ. Эдгээр ерөнхий зарчим 2026 онд үйлчлэх хэдий ч анхаарвал зохистой цөөнгүй өөрчлөлт байна. Тодруулбал, одоогийн аравдугаар ангийн сурагчид хоёр жилийн дараа
элсэлтийн шалгалт өгөхдөө суралцах чадварын шалгалт заавал өгөх ажээ. Хүүхэд бүр монгол хэл, бичгийн шалгалт өгч байсан бол нэмээд математикийн агуулга нэмэгдэж, босго оноонд хүрч байж элсэлтийн шалгалт өгөх эрхтэй болох тухай ярьж буй гэнэ. Мөн судлагдахууны хоёр түвшинд шалгуулах юм байна. Энэ нь нэгдүгээр түвшин буюу заавал судлах, хоёр буюу ахисан түвшин нь сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд боловсруулсан тестээр шалгалт өгөх ажээ. Жишээ нь, МУИС-д эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмших хүүхэд математик II, хэрэв математикийг дагалдан хичээлээр сонгосон бол I түвшний шалгалт сонгох нь. Бусад хичээлийн шалгалтыг ч мөн адил ийм зарчмаар явуулах аж. Үүгээр зогсохгүй ямар сургуульд аль мэргэжлээр сурахаас шалтгаалж ур чадварын шалгалт авах гэнэ. Мөн англи хэлний олон улсын шалгалтыг албан ёсоор оруулж ирж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа зэрэг мэргэжлээр сурах бол заавал англи хэлний II түвшний шалгалтад хамрагдах юм байна. Элсэлтийн шалгалтад энэ мэтээр “гар хүрч” болох ч ямар үр дүн гарах нь одоогоор бүрхэг. Үнэхээр суралцах чадвараар тэргүүлэгчдэд дээд боловсрол эзэмшүүлэх юм бол цаана нь үлдэж буй олон хүүхдийн хувь заяа хэрхэх вэ. Муу сурлагатнууд мэргэжлийн боловсрол эзэмшдэг гэсэн явцуу ойлголт газар авах вий. Чадваргүй, олон цагаан захтнаас чадварлаг ажиллах хүч Монголд ус, агаар шиг шаардлагатай байгаа. Энэ тэнцвэрийг зохистой хэмжээд хадгалахгүй бол шалгалтад бүдрэгчид мэргэжлийн сургалтын төвүүдэд сурдаг гэх ойлголт нийгэмд байсаар байх болно. Манай улс боловсролын салбарын эрх зүйн орчин, нөхцөлөө бүрдүүлсэн. Боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилж байна. Хүүхдүүдийг туршилтын туулай болгочихгүйхэн шиг олон улсын жишиг, орчин үедээ нийцсэн маш сайн хөтөлбөр боловсруулж, хөрсөндөө буулгаж чадвал ойрын хэдэн жилдээ боловсролын салбар ганхахгүй биз.
Гэвч олон асуудал хөл, толгой нь олдохгүй хэвээр байна. Элсэлтийн шалгалтын талаар илүү тодруулах зорилгоор Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас цөөн асуултад хариулт авсан юм.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД НИЙЦҮҮЛНЭ
-Элсэлтийн шалгалтын арга зүйг яагаад өөрчлөх болов?
-Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинтой холбоотойгоор элсэлтийн шалгалт зохион байгуулах журмыг өөрчилсөн. Өнгөрсөн хичээлийн жилд өмнөх зарчмын дагуу явуулсан. 2025 оны элсэлтийн шалгалтыг мөн хуучин зарчмаар зохион байгуулна. Нэр бүхий 10 хичээлээс хүүхдүүд сонгож шалгалт өгч, мэргэжил эзэмшиж ирсэн. Энэ жишиг, зарчмаар явуулна. 20 жилийн өмнө буюу 2006 оноос эхэлж авсан хувилбар үүргээ гүйцэтгэсэн. Харин 2026 оноос өөрчилж буй. Элсэлтийн шалгалтыг шинэчилж, сайжруулж, олон улсын түвшинд нийцсэн хэлбэр лүү ойртуулах зайлшгүй хэрэгцээ үүсээд байна. Хоёр жилийн дараа бүх хүүхдээс суралцах чадварын шалгалт авна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд буюу бүрэн дунд боловсролыг хэр зэрэг эзэмшив, цаашид суралцах боломжтой юу гэдгийг тодорхойлох шалгалтыг заавал авна гэсэн үг. Ингэж үндэсний хэмжээнд босго оноо тогтоох юм. Мөн хичээл сонголтыг тодорхойлж өгнө. Ганцхан математикийн хичээлээр гэхэд жил бүр 25 мянга гаруй хүүхэд шалгалт өгдөг. Тэд авсан онооныхоо эрэмбээс хамаарч их, дээд сургуулиа сонгож байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн ухааны чиглэлээр сурах хүүхэд ч дагалдан хичээлийн буюу математикийн шалгалт өгдөг. Математикаар гүнзгийрүүлэн сурах гэж буй болон нийгмийн ухааны хичээлийг цааш судлах хүүхэд ялгаагүй адилхан түвшинд шалгуулж байсан. Тэгвэл цаашид аль хичээлийг гүнзгийрүүлэн судлах, мэргэжил эзэмшихээс хамаарч шалгалтаа өгөх юм. Тодруулбал, математик нэгдүгээр түвшинд шалгуулах хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн заавал судлах агуулгын хүрээнд мэдлэг эзэмшсэн байхад болно. Харин математик хоёрдугаар түвшинд шалгуулах бол ахисан түвшинд байна. Тухайлбал, эдийн засаг, мэдээллийн технологийн инженерийн чиглэлээр суралцах хүүхдүүд ахисан түвшинд математикийн шалгалт өгнө. Мөн байгаль, нийгмийн ухааны нэгдмэл агуулгын шалгалт авдаг болно. Жишээлбэл, АШУҮИС-д сурах гэж буй хүүхэд хими, биологийн хичээлээр голчлон дагнадаг бол нэмээд физикийн мэдлэгтэй байхыг шаардана. Түүнчлэн англи хэлний хичээл сонголтоор олон улсын харилцаагаар сурах гэж буй сурагчид англи хэлний олон улсын шалгалт өгөх юм.
-Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн хүүхдүүд их, дээд сургуульд элсэх эрхтэй болдог. Үүн дээр нэмээд суралцах чадварын шалгалт авах юм уу?
-Суралцах чадварын шалгалт нь өргөн хүрээний ойлголт. Аль нэг судлагдахуунд суурилахгүй. Зөвхөн монгол хэл, бичиг, математикийн хичээлээр хязгаарлагдахгүй болов уу. Ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн мэдлэгээ хэр зэрэг хэрэглээ болгож, ашиглаж чадаж байна гэдгээ шалгуулах юм. Элсэлтийн шалгалттай хамт явуулна гэсэн үг. Ямар хэмжээний босго оноо давж их, дээд сургуульд элсэх гэх мэт нарийвчилсан зохицуулалтыг тухайн үедээ гаргана. Монгол хэл, бичгийн шалгалтыг Засгийн газрын тогтоолын дагуу авч буй. 2026 онд хэрхэн уялдуулах нь тодорхой болно.
-Элсэлтийншалгалтыгчангаруулчхаар их, дээд сургуульд элсэх хүүхдийн тоо цөөрөх байх. Цаг хугацааны хувьд арай давчуу биш үү?
-Элсэлтийн шалгалт нь ямар нэгэн стандарт, түвшин тогтоох, эсвэл хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой биш. Их, дээд сургуульд элсэн суралцахаар горилогчдыг эрэмбэлэн, жагсаах зорилготой уралдаант шалгалт. Нэг ёсондоо сайн суралцагчийг тааруугаас нь ялгана гэсэн үг. Тэгэхээр шалгалтын агуулгыг дунджаас илүү ахисан түвшинд боловсруулдаг. 2026 онд 12 дугаар анги төгсөх хүүхдэд ямар хэлбэрээр шалгалт зохион байгуулах тухай зарласан. Журмын талаар танилцуулсан. Үүний дагуу хичээл сонголт, бусад бэлтгэлээ хангах ёстой.
-Боловсролын үнэлгээний төвөөс боловсруулж буй элсэлтийн шалгалтын материал, агуулгатай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Элсэлтийн шалгалтын сэдэв боловсруулах нь тусдаа шинжлэх ухаан. Хэн дуртай нь өөрчлөх боломжгүй. Тухайлбал, хэдэн даалгаврыг хэр хугацаанд гүйцэтгэх вэ, хэд нь ямар агуулгатай байвал хэчнээн оноо өгөх зэргээр нарийвчлан гаргадаг. Ер нь даалгаврын тохирц, агуулгын хамрах хүрээ ямар ч асуудалгүй. Нэг жил нь хүнд, дараагийн удаа хөнгөн даалгавартай байна гэсэн ойлголтгүй. Харин тухайн жилд төгсөж буй сурагчдын түвшин харилцан адилгүй байж болно. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд хүүхдүүдийн авсан дундаж оноо, ялангуяа 800 оноо авсан суралцагчдын эзлэх хувь, тоо жигд явж ирсэн.