“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлсний дүнд манай орон гадаадын алдартай инфлүүнсер, олны танил хүмүүс, гэрэл зурагчдын анхаарлын төвд ороод байна. Тэр дундаа Монгол орны говийн бүс нутаг гэрэл зурагчдын хувьд байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт тогтцыг гайхуулж, бишрүүлэх онцгой “обьект” болж хувирлаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын сүүлчээр гэхэд Британийн Лий Фрост, Ричард Лауди тэргүүтэй хэсэг гэрэл зурагчин манай орны говьд аялж, гайхалтай агшнуудыг хальснаа буулгажээ. Байгалийн, аяллын гэрэл зургаар дагнадаг Лий Фрост нутагтаа очсон даруйдаа үүцээ задалж, Монголын говь, цөлийн бүсийн чимэг болсон Цагаан суварга, Хонгорын элс, Баянзагт авсан зургуудаа олон нийтэд танилцуулж эхлэв.
Британи зурагчин эр Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй сумын нутагт орших Хонгорын элс хэмээх элсэн манхныг дуранд буулгахдаа тэмээтэй малчдыг моделио болгосон нь амьд ахуйг тусгасан сайн зураг авах нөхцөл болсон хэмээн мэргэжил нэгтнүүд нь үнэлж байна. Тэрбээр Арц богд уулын дагуух шаварлаг хурдас бүхий өвөрмөц тогтоцтой хөндий (Баянзаг)-д очсон сэтгэгдлээ“1920-иод оны үед энэ газраас үлэг гүрвэлийн өндгийг дэлхийд анх удаа илрүүлж, түүнээс хойш 300 гаруй олдвор бүртгэсэн нь дэлхийн хамгийн баян палеонтологийн бүс гэж алдаршихад хүргэжээ. Үүл, манан зэргээс болж Баянзагт нар жаргах агшны зургийг авах боломжгүй мэт санагдаж байсан ч гайхамшиг тохиож, биднийг очсоноос хэдэн минутын дараа тэнгэр шатаж буй юм шиг дүр төрхтэй болсон. Маргааш нь тэнгэр цэлмэж, нар мандахдаа ч хадан цохионуудыг алтан шар гэрлээр шагнасан юм” хэмээжээ.
Аялал жуулчлалын маркетинг, сурталчилгаа, контентын салшгүй чухал хэсэг нь гэрэл зураг гэдгийг салбарын судлаачид хэлж байна. Өмнө нь манайд “Форбес” сэтгүүлийн Брэнна Уилсон зэрэг алдартай гэрэл зурагчин ирж байв. Түүнчлэн Б.Баяр, Г.Ган-Өлзий тэргүүтэй Монголын гэрэл зурагчид ч эх орныхоо үзэсгэлэнт байгаль, ялангуяа говь нутгийг дэлхийд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсээр буй. Өнгөрсөн долоодугаар сард болсон Бутаны хааны айлчлалын үеэр зурагчин Г.Ган-Өлзийгийн говьд авсан зургууд нийгмийн сүлжээнд хэрхэн “од” болж, Монголыг сурталчилсныг уншигчид мартаагүй биз ээ.
Британийн гэрэл зурагчин Лий Фростын авсан зургуудаас толилуулъя.