Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, “Ал - тай” хотхоны туслах гүүрээс Энх тай ваны гүүр хүртэлх хэсгийн Дунд гол да гуу явлаа. Нийслэлчүүдийн унд ус, ахуйн хэ рэг лээний гол эх үүсвэр, Улаанбаатар хо тын эко логийн тэнцвэрт байдлын амин зүрх бол сон Туул голын нэгэн тэжээгдэл суваг хэзээ мөдгүй та тарч, тасарч магадгүй нь гэх айдас, бол гоомж лол энэ зуурт төрөв. Тус голын эко-сис темийн дарх лаа болсон голдирол, татамд хаа хамаагүй халдаж, байгалийн аясаар урсах, сэргэх, тэ жээгдэх боломжийг нь боомилсноос ийнхүү таниг да хын аргагүй өнгө төрхтэй болжээ. Хо тын дундуур олон арван жил урссан Дунд гол хэ зээ ч ийм бохир, өм хий байсангүй хэмээн ойр хавийнх нь оршин суугчид хэлэх үгээ олж ядна.
Суурьшлын бүсийн дундуур урсдаг голынхоо экосистемд ингэж дураараа халдаж, ирээдүйдээ аюул заналхийлэл учруулдаг бодлогогүй хот Улаанбаатараас өөр байхгүй хэмээн экологичид халаглаж сууна. Тийм ээ, дэлхий нийтээр байгальд ээлтэй, экологид ул мөр багатай амьдрах бодлогыг зорих чиг, хандах зүгээ болгоод буй энэ үед нийслэлийн удирдлагууд дэндүү муйхар, тэрслүү үйлдэл хийсэн нь яалт ч үгүй үнэн. Эргээ эвдүүлж, голдирлоо ухуулсандаа гомдол тээн туниа муутайхан урсах Дунд гол үүнийг батлан харуулж, нэхэн сануулсаар байна.
Байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд Монгол орны нийт нутгаар бороо хур элбэгшсэн. Урсац нь багасаж, усны түвшин нь эрс доошлоод байсан Туул, Сэлбэ, Дунд гол үүний нөлөөгөөр эргээ даван үерлэж, нийслэлчүүдийг үе үе сандаргах болсонд барьц алдаж, бажгадсан хүмүүс өнгөрсөн зургаадугаар сард гал унтраах арга хэмжээ авсан юм. Голуудынхаа голдирол, татам, хамгаалалтын бүсэд барилгын компаниудыг дураар нь дургиулсан гэм буруугаа хаацайлахын тулд, гамшиг эрсдэлийн эсрэг үр дүнтэй, шийдэмгий арга хэмжээ авч чадсангүй гэх олны шүүмжлэлийг намжаахын тулд үерээс сэргийлэх, иргэдээ хамгаалах нэрийн дор Сэлбэ, Дунд голын эрэг дагуух бургаснуудыг экскаватороор түрэн булгалж, голдирлыг нь сэндийчих шиг болсон. Экологич, усны инженерүүдээс эхлээд байгалийн зүй тогтол, зохилдлогооны талаар мэдлэг, ойлголттой хүн болгон энэ ажлыг эсэргүүцсэн ч нийслэлийнхэн нохой хуцсан чинээ тоогоогүй. Харин ч “Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, үерт эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос хамгааллаа” хэмээх үгээр бамбай хийж, гэм буруугаа хаацайлаад өнгөрсөн. Үнэн хэрэгтээ энэ нь иргэдээ хамгаалах бус, эсрэгээр нь эрсдэлд оруулсан үйлдэл болсон юм.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Ч.Баярмаа ямар ч тохиолдолд голын голдирол, орон зайд халдаж болохгүй хэмээн анхааруулсаар буй. Голд он удаан жил хуримтлагдсан лаг, шаврыг цэвэрлэхгүй л бол бохирдол нь даамжирч, урсац нь боогдон, үерийн эрсдэл улам нэмэгдэнэ гэх албаныхны тайлбарыг тэрбээр “Голын эргийн модод нь нүүрстөрөгч, микро уур амьсгал, тоосжилтыг зохицуулж, шим тэжээлийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна усан дахь нитрит, фосфорыг тэнцвэржүүлж, цэвэршүүлдэг. Харин ёроолын лаг хагшаас, хурдас нь усны тэжээлийн суурийг хамгаалах, бичил орчныг тэтгэх, бохирдуулагч бодисыг шингээн саармагжуулах, хөрсний усны нэвчилтийг зохицуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Сэлбэ, Дунд голын бургас, зүлэг, ёроолын лаг хагшаасыг тооцоо судалгаа, төлөвлөгөө, зорилгогүй ухсан нь биологийн олон янз байдал, гидрогеологийн хувьд асар их хор уршигтай” хэмээн сөргүүлж буй. Экологичдын “зөгнөсөн” өөрчлөлтүүд эхнээсээ илэрч Сэлбэ, Дунд гол зарим хэсэгтээ өмхийрөн, замагтаж буй. Энэ бол бохирдуулагч бодисыг шингээн саармагжуулах, бичил орчныг тэтгэх тэнцвэрт байдал алдагдсаны тод илрэл юм.
Нийслэлийнхэн алдаа завхралаа хаацайлахдаа “Сэлбэ голын тодорхой хэсэг буюу хотын дундуурх, урсгал нь саарсан газруудад л цэвэрлэгээ хийсэн. Хэсэг хугацааны дараа хэвийн болно” гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Голын эх, ундаргыг хөндөөгүй учраас тасрах, ширгэх аюулаас айлтгүй хэмээн ярьж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ гол гэдэг нэгэн цул экосистем тул аль нэг хэсгийнх нь тэнцвэр, бичил орчин алдагдахад бүхэлдээ доройтдог гэдгийг судлаачид хэлж буй. Хүний биеийн аль нэг хэсгийн өвчлөл өөр бусад эрхтэнд халдаж, элдэв эмгэг үүсгэдэгтэй агаар нэг гэнэ.
Түүнчлэн албаны хүмүүс “Хэд хэдэн удаагийн борооны дараа голын урсац сайжирч, бохирдол нь аяндаа багасна” гэж нийслэлчүүдийг “аргадан”, тайвшруулсан. Харамсалтай нь, Сэлбэ, Дунд гол олон удаагийн борооны дараа ч дээрдсэн зүйлгүй, уурхайн бохирын далан аятай л байна. Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны оршин суугч Н.Нямгэрэл “Манай хотхон 5600 гаруй өрх, 12 000 орчим хүн амтай, Улаанбаатартаа байхгүй нягт суурьшилтай. Машин байршуулах байтугай хүүхэд тоглуулах, салхилж суух зай талбай ч олддоггүй. Хүүхэд, хөгшчүүд өглөө, оройд Дунд голоо бараадаж агаар амьсгалдаг юм. Голын эргийг нэг захаас нь эхлэн тохижуулж, хүн сууж амрахтай болгож байтал ингээд малтаад хаячихлаа. Нүүрэн эгнээний, голтой ойр айлуудад энэ зунжингаа өмхий үнэртсэн гэсэн. Хажуугаар нь явахад ч бохирын цооногийнх шиг муухай үнэр мэдрэгдэж байсан. Одоо ч үнэртдэг. Шатахуун түгээх станц (“Шунхлай”-гийн)-ыг нь нурааж, газрыг нь тэгшлэх нэрээр хэдэн шөнө энэ голыг ухсан. Маш их харамсаж байна. Энэ хавийнхны ганц аврал нь Дунд гол шүү дээ. “Алтай”-гаар тогтохгүй “Тэлмүүн”, “Ривер стоун”, “Коёо таун” хотхоныхон ч голоо бараадан салхилж, алхацгаадаг байсан. Дунд голын замаар хүнд даацын машин техник байнга явдаг учраас эндхийн орчин тоос, шороо, угаар ихтэй. Үүнийг голын чийглэг уур амьсгал зөөллөж, цэвэршүүлдэг байсан юм. Одоо орчны бохирдол улам нэмэгдэх нь гарцаагүй боллоо” хэмээн ярьсан юм.
Харин Баянгол дүүргийн III хорооны нутаг, “UG аrena” спорт цогцолборын ойролцоо саяхан ашиглалтад оруулсан 116Б байрны оршин суугч “Зун хөдөө явчхаад ирэхэд л урд голын эргийг түрээд, баахан хайрга, шавар овоолчихсон байсан. Хаягдлаа цэвэрлэхгүй удлаа, муухай үнэртэж байна гээд эндхийн иргэд бөөн юм болсон. Гэвч шавар, шороог нь зөөж, цэвэрлээд ч муухай үнэр нь арилаагүй. Хэсэгтээ таагүй үнэртэй байсан. Одоо арай дээрдсэн ч тогтоол ус шиг булингартай, замаг ихтэй байна. Хүмүүс гаднах байдлыг нь хараад их эмзэглэж буй бололтой. Гаднаа ийм харагдаж байгаа голын усны бүтэц, дотоод орчин ямар байх вэ гэдгийг төсөөлж үзэх хэрэгтэй” гэлээ. “Алтай” хотхон болон “Уран ган” худалдааны төв орчимд Дунд голын голдирол, татмыг ухаж малтах нь дуусаагүй, сүүлийн үед ч экскаватор, элдэв төхөөрөмж ажиллуулах болсныг дээрх иргэд хэлсэн юм.
Мэргэжлийн бус хүмүүсийн сэдсэн энэ балагт ажил хэдий болтол үргэлжилж, хаана хүрч зогсох юм бол. Тэр үед Сэлбэ, Дунд гол ямархуу дүр зурагтай үлдэх бол гэдгийг төсөөлөхөөс ч халгам. Магадгүй зарим нь “Тэгээд үерт урсах хэрэг үү, ингээд ч болов өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ” гэж энэ ажлыг зөвтгөх байх. Гэхдээ гол үерлэлээ гээд голыг нь заналтайгаар тасалдаг жишиг дэлхийн хаана ч байхгүйг энд сануулъя. Голуудынхаа годирол, хамгаалалтын бүсийг чинээнд нь тултал хумьж багасган, олон арван барилга, байгууламж сүндэрлүүлчхээд хотоо, иргэдээ хамгаална гээд экосистемийн дархлаа болсон мод, устайгаа “дайн зарлаад” байж боломгүй. Гол, мөрөн оршиж л буй бол байгалийн жамаар зарим үед усны түвшин нь нэмэгдэж, эргээ халин үерлэх нь зүй ёсных. Тиймээс усны инженерүүд голын орон зайг хотжилт, хүний хөлөөс хамгаалах асуудлыг хамгийн ихээр хөнддөг юм. Нийслэлд үер болбол эдгээр голын хамгаалалтын болон эрсдэлийн бүсэд хууль зөрчин буусан айлууд, “Авлига” хорооллын замналаар сүндэрлэсэн хотхон, хорооллынхон л илүүтэй хохирно. Харин Улаанбаатар хотыг тэжээн тэтгэдэг Сэлбэ, Дунд гол амь тавивал нийслэлийн 1.6 сая иргэний эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хөндөгдөх юм шүү, хорлон сүйтгэгчид ээ.
Сэтгүүлч Н.Мишээл