“Хүний эрхийн төлөө хамтдаа нээлттэй өдөр” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр мэдээлэл өгөв. Уг арга хэмжээг ирэх сараас эхлэн орон нутагт зохион байгуулах ажээ. Нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг хүлээн авах гэнэ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улс дахь айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ энэ удаагийн албан айлчлал нь хуульд заасны дагуу нэгдүгээр зэрэглэлийнх байсан. “Жагсаал, цуглаан хийсэн иргэдийг хамгаалалтын хоёрдугаар зурваст үзэл бодлоо илэрхийлж болно гэх зөвлөмж өгсөн. Гэтэл нэгдүгээр зэрэглэлийн бүс рүү нэвтрэх гэсэн учраас саатуулсан” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн. Саатуулагдсан зургаан иргэний гуравтай нь уулзаж, санал бодлыг нь сонслоо. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байна. Цагдаагийн байгууллагынхан иргэдийг саатуулах үеэрээ хүч хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг дотооддоо шалгаж байгаа” гэв. Мөн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авсан талаараа ярьсан юм. ХЭҮК-ынхон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажилласан бөгөөд ХХЕГ-т холбогдох тайлбар, мэдээлэл, баримт гаргуулахаар ханджээ. Эрүүл мэндийн нууцтай холбоотой учраас өвчний оношийг хэлэх боломжгүй бөгөөд хоёр цэргийн биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж буйг тэрбээр хэллээ.
Ч.БОЛОР