-Нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадахгүй царцаасаар байна-
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор хэмээх нэршлийг дуулаагүй хүн Монголд ховор болов уу. Арга ч үгүй юм, 2010 оноос хойш л Дорноговьд аж үйлдвэрийн парк байгуулж, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар улс нийтээрээ чихэнд хоногштол ярилаа шүү дээ. Харин эл цогцолборыг байгуулах ажил яг өнөөдөр ямар түвшинд байгааг мэдэх хүн тийм ч олон биш болов уу. Энэ төсөлтэй ямар нэгэн байдлаар холбогдсон улс төрч, албан тушаалтан, бүтээн байгуулалтыг нь хариуцсан хүмүүс аж үйлдвэрийн паркийн ажил торох бэрхшээлгүй урагшилж, үргэлжилж буй мэтээр саяхныг хүртэл мэдээлж, ойлгуулж ирсэн учраас тэр юм. Гэтэл бодит байдалд төслийн ажил цаасан дээр л зурагласан санаачилга, төсөөллийн цогцолбор хэвээр байна.
Дорноговь аймагт аж үйлдвэрийн парк барьж, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулан экспортлох талаар анх ярьж эхэлсэн цаг хугацаанаас тооцвол дээр дурдсан он тоолол хэдэн жилээр урагшилна. Харин Засгийн газар “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг 2012 оны зургаадугаар сард баталснаар байгуулах газраа сонгох, гүйцэтгэгчдийг шалгаруулахаас эхлээд зураг төсөл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн загварчлал, ТЭЗҮ боловсруулах, хайгуул, судалгаа хийх нэрийн дор баахан ажил өрнүүлсэн юм.
Түүнчлэн төслийн мастер төлөвлөгөөг хүртэл баталж, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компанийг хүртэл байгуулсан. Хамгийн хачирхалтай нь, манай улс 2013 оноос хойш энэ ажилд улсын төсөв болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс нийт 26 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч дорвитой гэмээр зүйл юу ч хийгээгүй. Улмаар 2018 онд аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг хариуцсан төрийн өмчит компанийг татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч өр төлбөр, хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод өнөө хэр нь нэг тийш болгож чадаагүй, шүүхийн шатанд сунжирсаар буй. Өнгөрсөн онд зохион байгуулсан Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр л энэ мэт нарийн ширийн мэдээлэл нь ил болсон юм. Төслийн ажил эргэлт буцалтгүй зогссон гэдэг нь ч эндээс тодорхой харагдсан.
Таван Засгийн газрын “гар” дамжиж, 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төсөл ийнхүү замхарчээ. Анх үүн шиг чухал, улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд нэмэртэй төсөл байхгүй юм шиг л аяглацгааж байв. Харин одоо үүн шиг хэрэггүй, үр ашиггүй санаачилга үгүй байсан мэт ярьцгаах боллоо. Уг нь эдийн засаг нь уул уурхайгаас бүрэн хараат, үйлдвэрлэгч бус, хэрэглэгчийн статустай орны хувьд нэг ч гэсэн аж үйлдвэрийн парк байгуулж, хөгжүүлж, ном ёсоор нь тууштай ажиллуулж чадвал улсын хөгжилд үлэмж нэмэртэй сэн. Даанч манай улс энэ хэрэгцээ шаардлагад дөрөөлөн томоохон төсөл, хөтөлбөр санаачилдаг ч түүнийгээ “бойжуулж”, хөгжүүлж, тууштай хэрэгжүүлж, ард нь гарч чадалгүй, ийм байдлаар замынх нь дундаас замхруулдаг жишиг тогтоочихлоо. Хөгжлийн банкны сонсголтой холбоотойгоор зарим мэдээлэл нь саяхан ил болсон учраас Сайншандын аж үйлдвэрийн паркийг энд онцлон дурдав. Үүний цаана өөр олон жишээ бий.
Эмээлтэд арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил ярив аа. Улаанбаатар хотын баруун захад энэ чиглэлээр ажиллаж буй үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Шар хөцийн хоолойд төвлөрүүлэх санаачилгыг Засгийн газар дэмжиж, 2014 оны тогтоолоор албажуулснаас хойш уг төсөлд багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэвч 10 гаруй жилийн өмнө байгуулсан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГын нэр, чиг үүрэг, бүтцийг хэдэнтээ өөрчилснөөс өөр гавьтай зүйл ер хийсэнгүй. Нүдэнд харагдаж, гарт баригдахаар хийсэн зүйл гэ вэл эл паркийг байгуулах газрыг сонгож, шав тавь сан явдал л байна. ТЭЗҮ болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь энэ оны долоодугаар сард л эцсийн байдлаар баталж байх жишээний. Үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалт, дэд бүт цийн ажилд нь 734.5 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг нүсэр тооцооллыг ч гаргаад буй.
"Төслийн ажлыг зогсоолоо","Бүтээн байгуулалт хариуцсан захиргааг татан буулгалаа" гэсэн мэдээ байсхийгээд л гардаг ч тэр болгонд үр ашиггүй зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа, алдагдсан боломжийн өртгийг хэрхэн тооцож , хэнд хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй өнгөрдөг.
Дархан-Уул аймагт арьс, ширний цогцолбор байгуулах тухай хэдэн он дамнуулан ярьж байна аа. Төсөлд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа гаргаж, 18.7 тэрбумыг нь бондын эх үүсвэрээр босгон, бүтээн байгуулалтын ажлыг нь 2020 оноос эхлүүлсэн гэж албаныхан мэдээлсэн ч цогцолборын шавыг тавьж, барилгын суурь, арматурын хэдэн төмөр сарайлгаж орхисноос өөр юу ч хийгээгүй. Газар дээр нь ажиллаж, барилгын гүйцэтгэл, төслийн үнэлгээ хийх ажлын хэсгийг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнгөрсөн онд байгуулсан ч өнөөдүүл нь цогцолборын эзэмшил газар, ашиглалтын талбайгаас үүдэлтэйгээр төр, хувийн хэвшлийн байгууллагынхны хооронд үүсээд буй зөрчил, маргааны учрыг олоогүй, нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй гэнэ билээ. Эл цогцолборт хамаарах 205 га талбайн 180 га нь “Дархан арьс, ширний цогцолбор” ХХК, үлд сэн нь “Дархан арьс, ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн мэдлийнх аж. Үүнээс үүдэлтэй зөрчил, маргаан өдгөө мөн л шүүхийн шатанд буй гэх. Түүнчлэн дэд бүтэц тавих нэрийн дор хийсэн зарим ажлыг нь үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээтэй холбоотой зураг төслийн ажлууд нь шаардлага хангаагүй зэрэг таагүй мэдээлэл ч дуулдах болсон.
Замын дундаас замхарсан, цаасан дээр л биеллээ олсон төсөл, хөтөлбөрүүдийг энэ мэтчилэн дурдвал цөөнгүй. Цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагад үндэслэн санаачилсан “Улаанбаатар ДЦС5”, Эгийн голын болон Эрдэнбүрэнгийн усан, Таван толгойн дулааны цахилгаан станц, говийн бүсийн усан хангамжийг сайжруулах зорилготой “Орхонговь”, “Хэрлэн говь” төслөөс эхлээд нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах, хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр сэдсэн олон ажил ийм жишгээр зам харч , царцсан . Эндээс манай улс нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, томоохон гэж хэлж болохуйц төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага нимгэн гэдэг нь харагдаж байна. Тэгвэл үүний гол шалтгаан нь юу вэ. Олон хүчин зүйлийг дурдаж болно.
Хамгийн эхний шатанд буюу төслийн бүтээн байгуулалтын ажлаас өмнө нийтлэг гаргадаг алдаа бол судалгаа, тооцооллыг дутуу, алдаатай хийдэг явдал. Үүнээс үүдээд төслийн зураг төсөл, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бай галь орчны үнэлгээ хийх суурь ажлуудаас эхлээд газар орны байршил сонгох, чөлөөлөх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ тавих, барилга, байгууламж барих гээд бүх шатанд алдаа гаргах нөхцөл үүсдэг. Дээр дурдсан “Дархан” арьс, ширний цогцолборын төсөл гэхэд газар ашиглалтаас үүдэлтэй маргаан, эрсдэлийг тооцоолоогүй, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг нь бодитой хийгээгүйн улмаас өдгөө гацчихаад байна. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн “Шинэ Зуун мод” төслийн ажил яг ийм замналаар явж буй.
Дараагийн шалтгаан нь манай улсад хяналт, хариуцлагын тогтолцоо сул байдагтай холбоотой. Энэ нь гудамж, талбайг тохижуулах, зам, гүүр барих хот нийтийн ажлаас эхлээд томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс ч харагддаг юм. Төслийг хэрэгжүүлэх үйл явцад хатуу чанд хяналт тавьдаг тогтолцоо байхгүй. Аль нэг шатанд нь алдаа гарлаа гэхэд зохих хүмүүст нь хариуцлага тооцож чаддаггүй. Тиймээс л төсөл, хөтөлбөр хариуцсан албан тушаалтан, газар, нэгжүүд төсвийн хөрөнгөөр хийж байгаа аливаа ажилд хариуцлагагүй, сэтгэлгүй ханддаг. “Төслийн ажлыг зогсоолоо”, “Бүтээн байгуулалт хариуцсан захиргааг татан буулгалаа” гэсэн мэдээ байсхий гээд л гардаг ч тэр болгонд үр ашиггүй зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа, алдагдсан боломжийн өртгийг хэрхэн тооцож, хэнд хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй өнгөрдөг.
Өөр нэг гол шалтгаан нь улс төрийн нөлөө буюу бодлогын залгамж халаагүй байдал. Дөрвөн жил тутамд тохиодог сонгуулийн мөчлөгөөр төр засгийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар хязгаарлагдаж байдаг. Тиймээс өмнөх засгийн үед хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтийн эх үүсвэргүй, гүйцэтгэлийн шатанд алдаа гарсан гэх нийтлэг, “зохиомол” шалтгаанаар удаашруулж, хэргээр гацаадаг явдал ч бий. Зарим бүтэлгүй төслийг эзнээр нь овоглож, муугаар цоллуулдаг нь ч үүнтэй холбоотой. Эхэнд дурдсан “Сайншанд” аж үйлдвэрийн паркийн төслийг гэхэд Ерөнхийлөгч асан, УИХын гишүүн Х.Баттулгын санаачилга хэмээн хамаатуулдаг. Түүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа эл төслийг санаачилж, дэмжүүлсэн гэж буруутгадаг атлаа одоо болтол ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй. “Шахааны” төсөл гэдэг мөртлөө ор тас зогсоочихож чадахгүй, “амьтай голтой” зүтгүүлсээр 10 орчим жилийн нүүр үзүүлсэн.
Дахин ийм алдаа гаргахгүйн тулд “Шинэ Зуун мод”, “Шинэ Хархорум” зэрэг томоохон төсөл ид яригдаж буй, мөн улс, орон нутгийн зэрэглэлтэй олон хот байгуулах санаачилга гаргаад байгаа өнөө үед өмнөх алдаа дутагдлаа бодитойгоор үнэлж дүгнэн, бүтээн байгуулалтын шинэ гараанд очих цаг болжээ. Үгүй бол нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадахгүй зүдэрсээр байдгаа барах шинжтэй.