Одоогоос 230 жилийн өмнө түүх эхэлсэн гэж тэд итгэдэг. Тусгаар тогтнол, эрх чөлөө, ард түмний түүх, энэ түүхийн бэлгэдэл тэр үеэс улбаатай аж. Ким Куи буюу алтан яст мэлхий өнөөгийн Вьетнамын төр хүчирхэг, мөнх оршихын бэлгэдэл.
Вьетнамын хаан Ан Дуонг Вуронг эх орноо эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалж, цайз барихад яст мэлхий тусалсан гэх домог бий. Цайз барих газарт нь үүрлэчихээд байсан чөтгөр, шулмасыг Ким Куи хөөж, хаант улсын эхлэлийг тавьсан газар нутгийг “цэвэрлэж” өгсөн гэнэ. XV зуунд Ким Куи вьетнамчуудад дахин “тусалжээ”. Тэр үед вьетнамчууд Хятадын түрэмгийллийн эсрэг цус урсган тэмцэж байв. Хөдөө суурингаас гаралтай язгууртан Ле Лои тэмцлийг удирджээ. Өдгөө Вьетнамын сургуулийн сурагч бүр мэддэг энэ домогт мөнөөх яст мэлхийн тухай гардаг. Ле Лой тэнгэрийн хүчийг шингээсэн шидэт сэлэмтэй байсан гэнэ. Ханойн төвд орших нууранд амьдардаг аварга яст мэлхий уг сэлмийг баатарт өгсөн аж.
Шидэт сэлмийг гартаа барьсан Ле Лой мянган цэргээс ч илүү хүч чадалтай болдог байсан хэмээн домогт өгүүлдэг. 10 жил үргэлжилсэн дайны дүнд Ле Лой хятадуудыг эх нутгаасаа хөөж, өөрөө хаан болсон түүхтэй. Харин сэлмийг нуурын эзэн яст мэлхийд буцаан өгсөн гэнэ. Энэ домгоос үндэслэн Ханойн төвд орших нуурыг Буцаагдсан сэлэмний нуур (Ho Hoаn Kiem) хэмээн нэрийдэж, Ким Куи яст мэлхийг шүтээнээ болгожээ. Ким Куин өгсөн сэлэмний тухай домог вьетнамчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, хэнээс ч хараат бус байхын бэлгэдэл болоод зогсохгүй ирээдүйн хөгжил, цэцэглэлтийг өөрсдийн хүчээр бий болгож чадна гэсэн итгэл үнэмшлийн илэрхийлэл юм. Тиймээс өнөөг хүртэл Буцаагдсан сэлэмний нуур хэдэн зуун жилийн өмнөх шигээ байсаар, тэнд ард түмний шүтээн болсон Ким Куи амьдарсаар байна.
Зочид буудал, худалдааны төвүүдийн дунд орших энэ нуур булингартай, ногоон өнгө т эй. Нуурын дунд хоёр жижиг арал байдаг. Нэг арал дээр нь Ким Куи мэлхийд зориулсан ордон бий. Яст мэлхийн дүрс бүхий баримлын өмнө зогсоод хүслээ шивнэн, адис авч, өглөг өргөж буй хүмүүсийг тэнд харж болно. Вьетнамын умард хэсгийн хот, тосгон, суурингийн сүм болгонд Ким Куин сийлбэр, алтадсан дүрс олноор бий. Нуурын нөгөө аралд Ногоолин уулын сүм оршино.
1967 онд үхсэн аварга яст мэлхийн чихмэл тэнд өнөөг хүртэл хадгалагдаж байдаг. Хоёр метр орчим урт, 200 кг жинтэй энэ яст мэлхий нас нөгчихөд Азид ховор байх энэ төрлийн сүүлчийнх нь хэмээн судлаачид үзэж байжээ. Өдгөө дэлхийд дөрөв л үлдсэн зөөлөн хуягт “Rafetus swinhoei” төрлийн яст мэлхийн нэг нь Буцаагдсан сэлэмний нууранд, нөгөө нь Ханойгоос холгүй цөөрөмд, үлдсэн хоёр нь БНХАУ-ын Сужоу хотын амьтны хүрээлэнд байдаг гэнэ. Гэхдээ тэдний гурав нь эр, нэг нь эм. Вьетнамд байгаа хоёр нь хоёулаа эр аж. Вьетнам үндэстний түүх, соёл, домог зүйд том байр суурь эзэлдэг Ким Куиг аврах хөдөлгөөн өнгөрсөн онд өрнөжээ.
Буцаагдсан сэлэмний нууранд амьдардаг яст мэлхий усны мандалд гарч ирэх нь ихсэж, бүр эрэг рүү тэмүүлэх болсныг хүмүүс ажигласан байна. Амьтан судлаачид, мэргэжилтнүүд, хотын захиргаатай хамтран мэлхийг барьж үзлэг хийгээд хүзүүн дээрээ шархадсан байсныг нь олж мэдэв. Мөн нуурын ус бохирдсоноос яст мэлхий эрэг рүү гарахаар тэмүүлж байжээ. Ким Куиг аврах төлөвлөгөө эрх баригчдын хэмжээнд яригдаж, арга хэмжээ авч эхлээд байна.
Байгальд ердөө дөрөвхөн үлдсэн энэ төрлийн амьтны нэгийг аврахын тулд дэлхийн хамгийн алдартай эмч, мэргэжилтнүүд туслахаа илэрхийлсэн нь ч бий. Гэхдээ вьетнамчууд шүтээнээ харийн хүмүүсийн гарт даатгаж зүрхэлсэнгүй, өөрсдөө эмчилсэн. Яст мэлхийн шархыг эмчилж байх хооронд нуурын усыг цэвэрлэн шүүж, олон төрлийн нутагшуулан, эргээс холгүй хамгаалалт гаргажээ.. Буцаагдсан сэлэмний нуурын эзэн Ким Куиг Хятадад байгаа эмэгчин яст мэлхийтэй эвцэлдүүлж, шүтээнээ аврах хүсэл вьетнамчуудад байдаг. Гэхдээ олон жилийн турш газар нутгийн маргаантай байсан хятадууд яст мэлхийгээ түр хугацаагаар ч болов “зээлдүүлэх” хүсэлтийг хүлээж авдаггүй гэнэ.
Х.ОДОНЧИМЭГ