Унгарын шинэ Үндсэн хууль Төвбанкныхаа эсрэг чиглэсэн, мөн шүүх тогтолцоондоо харшилж байна хэмээн Европын холбоо үзэж буйгаа илэрхийллээ. Унгарчууд Европын холбооны оролцоогүйгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэдэгт найдаж буйгаа тэд мэдэгдсэнийг АР дамжуулав. “Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол Европын холбооны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж Еврокомиссын тэргүүн Жозе Мануэль Баррозу өгүүллээ.
“Европын холбооны гишүүн орны хувьд Унгарын Үндсэн хууль ардчиллын үнэт зүйлд харшлахгүй байх ёстой” гэж тэрбээр үзэж байна. Унгарын эрх баригчид Европын холбооны анхааруулгыг хүлээн авч, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авах гэнэ.
Унгарын Засгийн газрыг 1998-2002 онд тэргүүлж байсан Виктор Орбаны нам 2010 онд Парламентын сонгуульд ялалт байгуулсан юм. Эрх баригч намын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн өнгөрсөн оны намар жагсаал зохион байгуулсан билээ.
Х.ОД