62 орны 3216 зорчигч тээвэрлэж явсан аялал жуулчлалын “Costa Concordia” хөлөг онгоц Италийн Жилиао арлаас холгүй усан дор орших хадан цохио мөргөсний улмаас живсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Тэртээ 1912 онд “Титаник” хөлөг онгоц сүйрч, 1513 хүн амь үрэгдэж байсан түүхийг энэ явдал эргэн сануулав.
“Титаник” сүйрснээс хойш 100 жилийн дараа тохиосон энэ ослын үеэр 11 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй боллоо. Хэрэв “Costa Concordia” далайд хөвж явсан бол амь үрэгдэгсдийн тоо үүнээс их байх байсан хэмээн ажиглагчид онцлов. Үүний зэрэгцээ Тоскан мужийн прокурорын газар хөлгийн ахмад Франческо Скеттино, мөн түүний ахлах туслагч Чиро Амбросио нарыг баривчлан эрүү үүсгэжээ. Мөн онгоцыг эзэмшдэг “Costa Crociere” компанийн ерөнхийлөгч Жанни Онорато хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. “Европын бэлэг тэмдэг” хэмээгдсэн уг хөлөг онгоцны ослын талаар учир битүүлэг зүйл олон байна. 290 метр урт, 31 метр өндөр, 3780 зорчигч тээвэрлэх чадалтай, дотроо дөрвөн усан сан, таван зоогийн газар, 12 уушийн газартай уг хөлөг онгоцыг усан дороос татаж гаргах ажил удахгүй эхлэх аж.
Дашрамд сонирхуулахад, “Costa Concordia”-гийн ослоос амьд гарсан Валентина Капуано хэмээх эмэгтэйн эмэг эх алдарт “Титаник”-ийн сүйрлийн гэрч байжээ. Валентинагийн эмээ сүйт залуу болон ахынхаа хамт шинэ амьдралыг зорьж “Титаник”-т суусан гэнэ. Ослын үеэр түүний сүйт залуу нас барж, тэрбээр дүүгийнхээ хамт амьд үлдсэн аж.
Х.ОД