Ливийн удирдагч М.Каддафийн дэглэмийн эсрэг хамтдаа тэмцэж байсан бүлэглэлүүд хоорондоо дайтаж эхэлсэн тухай ВВС дамжуулав. Тус улсын баруун хойд хэсэгт орших Гарьян хотод өнгөрсөн баасан гаригт мөргөлдөөн эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг мөргөлдөөний үеэр хоёр хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан гэнэ. Хоорондоо дайсагналцаж буй бүлэглэлүүдтэй омгийн ахлагч нар уулзаж хэлэлцсэн ч буудалцаан үргэлжилсээр байгаа аж.
М.Каддафийн армитай тулалдаж байсан зэвсэгт бүлэглэлүүдийг хяналтдаа авахаар хичээж буйгаа Ливийн шинэ эрх баригчид илэрхийлсэн билээ. Гэсэн ч зөрчил улам газар авч байгааг ажиглагчид онцолж буй. Энэ сарын эхээр Триполид мөн буудалцаан болж, таван хүн амь үрэгдсэн юм. Триполийн отрядынхан Мисурата хотын нэгэн цэргийг дээрэм хийсэн хэмээн баривчилснаас уг мөргөлдөөн үүссэн аж.
Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зэвсэгт бүлэглэлүүд М.Каддафийн армийн тусгай албаны сургуулилалтын баазыг булаацалдан дайтаж байжээ.
Х.ОДОН