Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гацаад байсан Орос-Украины байгалийн хийн хэлэлцээр Москва хотод үргэлжилж эхэллээ. Украины Эрчим хүч, нүүрсний үйлдвэрлэлийн сайд Юрий Бойко тэргүүтэй төлөөлөгчид хойд хөршийн нийслэлд өчигдөр хүрэлцэн ирсэн байна. Оросоос худалдан авах байгалийн хийн үнийг бууруулах хүсэлтийг украинчууд тавьж байгаа юм. Түүнчлэн гэрээнд зааснаар 52 тэрбум шоо метр бус, 27 тэрбум шоо метр хий худалдан авах төлөвлөгөөтэй буйгаа Юрий Бойко илэрхийлжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулбал бага хэмжээний хий авах хүсэлтээ украинчууд ДЦС-уудаа байгалийн хийгээр бус нүүрсээр ажиллуулах болсонтой холбон тайлбарлаж байна. Хятадын компанитай хамтран энэ технологийг нэвтрүүлснээр тэд жилд зургаан тэрбум шоо метр хий хэмнэнэ гэж тооцоолж байгаа аж. Хоёр улсын гэрээний дагуу украинчууд мянган шоо метр хий тутамд 415.7 ам.доллар төлөх ёстой. Харин Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн үед байгуулсан гэрээг дахин шинэчлэх, мянган шоо метр хийн үнэ 250 ам.доллараас хэтрэхгүй байх гэсэн болзлыг Украины тал тавьж байгаа юм.
Харин Оросын тал Украины хий дамжуулах системийг удирдахад оролцох шаардлага тавьж байна. Оросууд байгалийн хийгээ Украины эл системээр дамжуулан Европ руу зөөдөг. Байгалийн хий дамжуулах системийг хоёр улс консорциум байгуулан удирдах хувилбар байгааг ажиглагчид онцолж буй. Консорциум байгуулсан тохиолдолд оросууд 50-иас багагүй хувийг нь эзэмших болзол тавьж магадгүй аж. Үүнийг украинчууд хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа.
Юутай ч ОХУ-тай зөвшилцөлд хүрнэ гэдэгт найдаж буйгаа Юрий Бойко илэрхийлжээ.
Х.ЧИМЭГ