Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөлөө. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл “холимог” парламентыг Д.Амарбаясгалан даргалахаар болоод байна. Хэдийгээр олон намын төлөөлөл сонгогдсон ч өмнөхийн адил МАН, АН хоёр л бүлэг байгуулж ажиллах юм. Дангаараа олонхыг бүрдүүлж, 68 суудал авсан хэдий ч МАН-ынхан АН болон ХҮН намтай эвсэж Засгийн газраа байгуулах тухай ярьж буй. Наадмаас өмнө шинэ Засгийн газар байгуулагдаж, бүх томилгоогоо хийнэ. Тойргоос мултарсан зарим улс төрч өөр албан тушаалд томилогдон Төрийн ордонд эргэн ирэх болно. Тэрнээс урьтаж шинээр бүрдсэн парламентын сонин хачин, онцлогийг сонирхуулъя.
Энэ УИХ-д Ганбаатар нэртэй дөрвөн гишүүн бий. Бидний мэддэг “хиншүү” С.Ганбаатар, “Оргил” худалдааны төвийн захирал, улиран сонгогдсон гишүүн Ж.Ганбаатар нарыг уншигчид танина. Тэднээс гадна АН-аас долоодугаар тойрог буюу говийн бүсэд өрсөлдөөд сонгогдсон Гомбын Ганбаатар, тус намын жагсаалтын 15-аар орж ирсэн Амгаланбаатарын Ганбаатар нар нэмэгдэж байна. Мөн Бат-Эрдэнэ, Болормаа, Цогтбаатар, Энхбаяр тус бүр хоёр байгаа аж.
АМЬДАА НАРЫН ЦУГЛААН
126 гишүүнтэй болсноор ижил нэртэй хүмүүс “тааралдах” магадлалыг нэмэгдүүлжээ. Энэ УИХ-д Ганбаатар нэртэй дөрвөн гишүүн бий. Бидний мэддэг “хиншүү” С.Ганбаатар, “Оргил” худалдааны төвийн захирал, улиран сонгогдсон гишүүн Ж.Ганбаатар нарыг уншигчид танина. Тэднээс гадна АН-аас долоодугаар тойрог буюу говийн бүсэд өрсөлдөөд сонгогдсон Гомбын Ганбаатар, тус намын жагсаалтын 15-аар орж ирсэн Амгаланбаатарын Ганбаатар нар нэмэгдэж байна. А.Ганбаатар нь сэтгүүлч мэргэжилтэй, манай салбарынхны төлөөлөл юм. Тэрбээр NTV телевизийн захирал, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Говийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд тойргийнхон нь л сайн мэдэх биз, их улс төрд бол тэр шинэ хүн болж байна. Сайнхүү гуайн хүүгийн тухайд гурав дахь парламентдаа сонгогдлоо. Тэрбээр анх удаа УИХ-ын гишүүн болохдоо ард түмнээ хүндлээд чуулганы танхимд заавал зогсож ярина гэснээс үүдэн тусгай индэртэй болж байсан юм. “Босоо” хэмээх хочийг энэ үйлдлээрээ авсан байдаг. Нэг иймэрхүү поп гишүүн уржигдар тангараг өргөхдөө тогтсоноос өөр үг хэлж, бас толгойгоо шаланд хүргэх шахам тонгойн ёсолж, “жүжиг” үзүүлээд авна лээ.
Мөн Бат-Эрдэнэ, Болормаа, Цогтбаатар, Энхбаяр тус бүр хоёр байгаа аж. 2016 оноос хойш парламентад дараалан гурав улирч буй, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, “сахал” Ж.Бат-Эрдэнэ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар нэг танхимд сууж эхэллээ. Ховдын Засаг дарга Э.Болормааг хүмүүс нэлээд мэддэг болсон. Сонгуулийн үеэрх гэрийн тооноор орж ирдэг сурталчилгаа нь анхааралд өртөж, шүүмжлэл дагуулаад авсан. Харин Х.Болормаа нь сүүлийн найман жил Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажилласан эмэгтэй. Тэрбээр АН-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин сонгогдсон юм. УИХ-ын хуучин гишүүн, гурав дахиа улирсан Д.Цогтбаатарын амьдаа бол “лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү Даваагийн Цогтбаатар юм. Энхбаяруудын тухайд нэг нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, улирч сонгогдсон гишүүн бол нөгөөх нь экс Батлан хамгаалахын сайд.
Яг амьдаа биш ч Үндэсний эвслээс сонгогдсон А.Ундраа, МАН-ын ёс зүйгүй гишүүн Ч.Ундрам, улс төрд хуучин ч парламентад анх удаа сонгогдсон Б.Тулга, мөн АН-ын шинэ залуусын нэг П.Мөнхтулга, Соёлын сайд Ч.Номин, нийслэлийн Засаг даргын орлогчдын нэг О.Номинчимэг нарын нэрийг андуурч мэднэ. Үргэлжлүүлээд Бат, Ган орсон нэртэй гишүүдийг тоолбол тоймгүй тоо гарах нь.
ХАМГИЙН ЗАЛУУ НЬ 27, АХМАД НЬ 73 НАСТАЙ
Уг парламентын хамгийн залуу нь АН-ын жагсаалтын дөрөвт бичигдэн гишүүн болсон С.Цэнгүүн. Тэрбээр 1997 онд төрсөн, Z үеийн төлөөлөл, мөн анхны хамгийн залуу эмэгтэй УИХ-ын гишүүн болж байна. Өмнө нь С.Баярцогт 23 настайдаа АИХ-ын төлөөлөгч болж байсныг бид мэднэ. Харин бүсгүйчүүд ийм залуугаараа парламентад сонгогдож, төр түшилцэж байгаагүй аж. С.Цэнгүүний УИХ-ын гишүүний тангаргаа өргөх үеийнх нь зураг уржигдар нийгмийн сүлжээгээр тарж, залуухан, үзэсгэлэнтэйг нь шагшицгаалаа. Гэхдээ УИХ-ын гишүүн, сайн улс төрч болоход гоо үзэсгэлэн биш, мэдлэг чадвар, туршлага хэрэг болдгийг санах хэрэгтэй. Залуу гишүүн хууль тогтоох ажилдаа богино хугацаанд суралцаж, үзэл бодлоо тод илэрхийлдэг болно гэж найдаж байна.
Харин хамгийн ахмад нь 1951 онд төрсөн, МАН-ын жагсаалтын тавд жагсан гишүүн болсон, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл юм. Тэрбээр энэ жил 73 настай. Анхдугаар чуулганаар УИХ-ын даргаа томилохын тулд хамгийн ахмад гишүүн хурал удирддаг. Энэ ёсоор Д.Рэгдэл гуай анхдугаар хуралдааныг удирдсан билээ.
ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧИД
Улс төрчдийн хүүхэд, зээ, дүү гэх мэтээр үе залгамжилж орж ирсэн гишүүн энэ УИХ-д цөөнгүй байна. Гишүүн А.Ариунзаяа бол Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрайн зээ охин. Өвөөгийнхөө нэрээр улс төрд танигдаж яваа тэрбээр 2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Анх удаа сонгогдсон гишүүдийн нэг болох АН-ын П.Батчимэг УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн төрсөн дүү билээ. Тэрбээр жагсаалтын 12 дугаарт бичигдэж, УИХ-ын босгыг давсан юм. Өмнө нь С.Зориг агсны үйл хэргийг дүү С.Оюун нь үргэлжлүүлэхээр сонгогдож байсантай ижил явдал давтагдаж байна. Хоёр дахь парламентдаа сонгогдсон Э.Батшугар энэ жагсаалтад зүй ёсоор багтана. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү гэдгийг бүгд мэднэ. Аавдаа хөтлүүлж их улс төрд орж ирсэн тэрбээр энэ удаагийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэгээр сонгогдож, олон нийтийг гайхшруулаад авсан юм даг.
Зүүн бүсийн зургаадугаар тойрогт намаасаа ганцаар сонгогдсон Ш.Бямбасүрэн хэмээх залуу бол УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаярын хүү. Нэр цэвэр цөөхөн улс төрчийн нэг болох аавынхаа үйл хэргийг хүү нь мөн адил ёс зүйтэйгээр үргэлжлүүлэх биз ээ. АН-ын жагсаалтын 14 дүгээрт бичигдэж гишүүн болсон Б.Жаргалан хэмээх бүсгүйг улс төрийн хүрээнд нэлээд хэдэн жилийн өмнөөс мэднэ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, “Фортуна” Н.Батбаярын охин. Аавынхаа арын албанд тусалж, улс төрд хөл тавиад 10 гаруй жил болсны дараа ийнхүү УИХ-д орж ирж буй юм.
Н.Батбаяр улс төрөөс холдоод нэлээд удсан, тиймээс охин нь өөрийнхөө чадлаар сонгогдсон гэж үзэхэд болно. Тэрбээр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. АН-аас нэгдүгээр тойрогт нэр дэвшин сонгогдсон П.Мөнхтулга бол Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү. Мөн ахынхаа нэр, сүр дор УИХ-д “ногоон гэрэл”-ээр сонгогдсон гишүүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр. Тэр зүүн бүсийн сонгогчдыг УИХ-д төлөөлөх нь. Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2027 онд дуусна, тэгэхээр ах дүү хоёр гурван жил нэг ордонд хамт ажиллах юм байна. Харин дүү нь сайн улс төрч болж чадах, эсэхийг харж байя.
Энэ удаагийн парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хоёр гишүүн сонгогдсон. Тэдний нэг бол МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдэн гишүүн болсон, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, “Ахиллис Монгол олон улсын байгууллага” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулууныг А.Ариунзаяагийн бэр гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Үнэн бол бас л хамаатнууд нэг танхимд суух болсон аж. Мөн ХҮН намын жагсаалтаар сонгогдсон гишүүн Г.Уянгахишиг нь АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин. Гэхдээ тэрбээр чадварлаг хуульч, аавынхаа бус, өөр нам сонгож, улс төрд хөл тавьсан нэгэн. Түүний аав математикч мэргэжилтэй, Монгол Улсын цорын ганц Дэд ерөнхийлөгч байсан, нэр цэвэр улс төрч. Гэхдээ Г.Уянгахишигт аавынх нь нэр хүнд нөлөөлсөн гэхээс өөрийн чадлаар энэ хүртэл ирсэн болов уу. АН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг, төвийн тойргоос сонгогдсон С.Эрдэнэболдын аав Ш.Сүхбаатар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсныг уншигчид мэдэх байх.
Мөн МАН-ын жагсаалтаар орж ирсэн, улс төрд огт танигдаагүй залуусыг хэн нэг улс төрч, бизнесмений хүүхэд, хамаатан гэсэн яриа дуулдаж л байна. Тэдний талаарх мэдээлэл одоо болтол бүрхэг. Тиймээс удахгүй хэн нь хэний хүүхэд, дүү гэдэг нь тодорхой болох байх. Ерөнхийд нь харвал, шинэ парламентын бүрэлдэхүүнд 1980, 1990-ээд оны залуус багагүй хувийг эзэлж буй юм. Түүнчлэн казах үндэстнүүдийг парламентад Баян-Өлгийгөөс сонгогдсон Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Бейсен нараас гадна МАН-ын жагсаалтын 17 дугаарт эрэмбэлэгдсэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ИЗНН-ын жагсаалтын дөрөв дэх гишүүн болсон С.Замира нарын нийт таван хүн төлөөлжээ. Хамгийн олон, бас анхны эмэгтэй казах гишүүнтэй парламент болж байна. Мөн 126 гишүүний 60 хувь нь анх удаа сонгогдсон, “шинэков”-ууд аж.
Уг парламентад Б.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нарын нийгэмд танигдсан сэтгүүлч, мөн хамгийн хэл амтай, буруу бүхний төлөө дуугарсан гишүүн байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа М.Нарантуяа Нара, МАН-ын эсрэг зоригтой дуугарч чадах Н.Номтойбаяр, А.Ундраа, мэргэжлийн, ёс зүйтэй байхад нь УИХ-ыг чиглүүлж, ташуурдах хуульч Х.Тэмүүжин нарын гишүүн сонгогдоод буй. Ийм олон дүртэй, өнгөтэй учраас хэдийгээр энэ парламентад МАН дахин олонх болсон ч өмнөх хоёр УИХ-аас илүү амьд, хяналттай ажиллана гэсэн найдлага бий.