Румын улсын нийслэл Бухарест хотод эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн, Ерөнхийлөгч Траян Бэсескуг огцрохыг шаардсан иргэд жагсаал зохион байгуулж байна. ВВС агентлагийн мэдээлснээр жагсаалын үеэр 30 гаруй хүн гэмтсэн аж. Хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн таван хүний гурав нь хууль сахиулах байгууллагын ажилтан байжээ. Өнгөрсөн ням гаригт гэхэд тус хотын Их сургуулийн нэрэмжит талбайд 100 гаруй хүн цугласан байсан хэмээн зарим эх сурвалжид мэдээлэв.
Цагдаагийнхан жагсагчдад саад болж, тэднийг тараах гэсний улмаас мөргөлдөөн гарчээ. Жагсагчид цагдаа нар руу чулуу мод, лонх шидэж, хууль сахиулагчид хариуд нь нулимс асгаруулагч хэрэглсэн байна. Румыны нийслэлд төдийгүй бусад хотод дөрвөн өдрийн турш үргэлжилж буй цуглаанд оролцогчид төсөв танах бодлогыг эсэргүүцэж, Парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж буй аж.
Үүний зэрэгцээ тус улсын Ерөнхий сайд Эмиль Бок эдийн засгаа аврахын тулд төсвөө танах зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдлээ. Мөн эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэж байгаа хүмүүстэй уулзаж, тохиролцоход бэлэн хэмээн тэрбээр онцолсон гэнэ.
Х.ОД