УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж өндөрлөв. Урьдчилсан дүнгээр МАН 68, АН 42, ХҮН найм, Иргэний зориг ногоон нам болон Үндэсний эвсэл тус бүр дөрвөн төлөөлөлтэй болоод буй. Уг сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог болж, түүхэнд бичигдэн үлдэж байна. Юуны өмнө парламентад бид анх удаа 126 гишүүн сонголоо. Ингэхдээ хоёр дахь удаагаа сонгуулийн холимог тогтолцоо хэрэглэж, тойргоос 78, хувь тэнцүүлсэн хувилбараар 48 гишүүнийг тодруулав. Мөн анх удаа 3-4 аймгийг нийлүүлж, бүсчилсэн, том тойргоор сонгуулийг зохион байгууллаа. Нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх квотыг, намын жагсаалтад хүйсээр сөөлжсөн хувилбарыг ч анх удаа хэрэгжүүлэв. Хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэх хууль, эрх зүйн зохицуулалтыг амжилттай мөрдсөнөөр тойргоос найм, жагсаалтаар 24, нийт 32 эмэгтэй сонгогдлоо. Нийт гишүүний 25.3 хувьд эмэгтэйчүүд сонгогдсон нь ардчилсан парламентын түүхэнд мөн л анхных болж буй юм. Түүнчлэн ес дэх удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт1341 нэр дэвшигч өрсөлдсөн нь ч онцлог мөн.
Гэвч энэ удаагийн сонгуулийн үр дүнд иргэдийн олонх нь сэтгэл төдийлөн хангалуун биш байна. Найман жил үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барьсан МАН-ыг шууд л “амбаардаад” явуулна хэмээн зарим сонгогч гэнэхнээр сэтгэжээ. Тиймээс ч гарсан үр дүнд бухимдаж буй юм. Энэ удаагийн сонгуульд нийт 1.4 сая сонгогч буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүсийн 69.5 хувь нь оролцсон юм. Үүнээс МАН 35, АН 30.1, Үндэсний эвсэл 5.2, ИЗНН таван хувийн санал авсан аж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн оны эхэнд бидний таамаглаж бичсэнтэй дүйжээ. МАН 50+1 хувийн суудал авч, АН хүчтэй сөрөг хүчин болох хувилбарыг бид дэвшүүлсэн. Мөн парламентад 4-5 улс төрийн хүчин төлөөлөлтэй болж, гуравдагч хүчнээс аль нэг нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авах зураглалыг өнгөрсөн нэгдүгээр сард бичиж байв.
МАН-Д 50 ХУВИЙН ИТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Энэ ёсоор МАН урьдчилсан дүнгээр 68 төлөөлөлтэй болж, Засгийн газраа дангаар байгуулах эрх бүрдэв. Саналаа өгсөн нийт сонгогчийн 490 мянга нь тус намыг сонгосон байгаа юм. “Би, миний эргэн тойронд МАН-ыг сонгосон хүн байхгүй. Тэгээд яагаад эд нар дахин олонх болчихов” гэсэн эргэлзээ, хардлага, бухимдал нийгмийн сүлжээгээр энэ өдрүүдэд нэлээд явж байна. Тэгвэл тэр 35 хувь хаанаас “гараад ирэв”.
Үнэндээ 100 гаруй жилийн түүхтэй энэ намыг Монголын улс төрөөс өргөс авсан мэт арилгах боломжгүй. Хүссэн ч, хүсээгүй ч нэг том институц, өөрийн дэмжигчид, олон мянган гишүүнтэй учраас тэр. Хамгийн удаан оршин тогтнож, эрх барьсан эл намд үзэл баримтлалдаа үнэнч олон мянган гишүүн нь байсаар байгааг мартаж болохгүй. Тэд намаа сонгосоор байх болно. Мөн намдаа үнэнч ахмадын хэсэг бий. Үүн дээр МАН хэдий маш хойрго, асар удаан ч хийж буй эерэг ажил, болж бүтэж буй зүйл байсныг 100 хувь үгүйсгэж болохгүй. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлига, албан тушаалын гэмт хэрэг, нам доторх хулгайтайгаа хийж буй тэмцлийг дэмжиж буй хүн цөөнгүй. Энэ мэтээр ухамсартайгаар тус намыг дэмжиж саналаа өгсөн олон хүнийг буруутгах эрх бусдад нь үгүй юм. Монгол бол ардчилсан улс. Хүссэн сонголтоо хийх эрхийг бидэнд Үндсэн хуулиар олгосон.
Эдэн дээр ажил, амьдрал нь МАН-аас хараат болчихсон төрийн албан хаагчид нэмэгдэнэ. Тэд хүссэн ч, хүсээгүй ч “тогтвортой байдлыг” сонгосон болов уу. Мөн энэ удаагийн сонгуулиар цэргийн алба хаагчдыг бөөнөөр нь авчирч, санал өгүүлсэн нь бас хардлага дагуулж байна. “МАН-ыг сонго” гэсэн тушаал өгсөн бол 18-19 настай тэдгээр залуус зөрчиж зүрхлэх үү.
Үүнээс гадна МАН сүүлийн найман жил эрх барьсан. Төрийн бүх удирдлага, сүлжээг “атгаж” буй давуу талаа тэд сонгуулиар тултал ашиглалаа. Цалин, амьдралаараа “барьцаалагдсан” төрийн албан хаагчид ажиллах үнэгүй хүч болж зүтгэсэн гэхэд болно. Энэ бол тус намын нэг тэнцвэргүй давуу тал байсан. Мөн цалин, тэтгэвэр нэмэх, малчдад хайр зарласан олон арван хуулийг тэд бөөндөн баталлаа. Өөрсдөдөө хуулийн дагуу давуу эрх үүсгэж, халамжийн бодлого, тэглэх, өгөх гэсэн агуулгатай хууль тогтоомжуудаар олон хүний санаа бодлыг нааш нь татсан гэхэд болно. Энэ сонгуулиар гадаадын 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажилласан юм билээ. Тэдний зүгээс “МАН сонгуулийн өмнө цалин, тэтгэвэр нэмсэн нь уг намд зүй бус давуу тал олгосон” хэмээн дүгнэсэн байна лээ. УИХ-ын сонгууль харьцангуй тайван болсныг олон улсын ажиглагчид ч хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ мөнгө тараах, санал худалдаж авах оролдлого цөөнгүй гарч, нэлээдгүй нь амжилттай болсон биз ээ. Сонгуулийн өдөр МАН, АН-ынхан ээлжлэн мэдээлэл хийж, энэ тухай “гомдоллосон”. Баримт, нотолгоотой бол аливаа гомдлыг цагдаагийн байгууллагынхан шалгаад тогтоох учиртай.
МАН-аас сурталчилсан халамжийн бодлогод уярсан, эсвэл зүгээр л мөнгөөр саналаа худалдсан тодорхой хэсэг хүн бий. Тэгэхээр намдаа үнэнч, “албадлагын” болон халамжид дуртайчууд гэсэн гурван хэсэг хүн нийлээд хагас сая сонгогчийг бүрдүүлсэн байх нь. Могойг гурав таславч гүрвэлийн чинээ гэдэг үг бодит байдалд ингэж бууж байна. Гэхдээ сонгогчид хэрсүүжсээр байгааг зарим хүнийг тойргийн гадна үлдээсэн сонголтууд харуулна. Товчлуур дарахаас хэтэрдэггүй, “хэлгүй”, эсвэл олны дургүй хүргэх үг хэлэхээс давж ажиллаж чадаагүй гишүүд болон буруу булхай үйлдэлд нэр холбогддог улс төрчдөөс нэлээд хэдэд нь сонгогчид хариуцлага тооцож чадлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, мөнгө тарааж, санал худалдаж авдаг МАН-ын “холбоо хоёр”-ын нэг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, бөх гишүүн Ц.Цэрэнпунцаг, гишүүн Ч.Өнөрболор, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар улирсангүй. Өвөрхангай аймгийн Сант сумд гарсан хүн амины хэрэг Г.Занданшатараас татгалзахад хүргэв бололтой. Юутай ч тус намын үнэмлэхүй олонхын суудлыг бараг 50 хувиар бууруулж, нийт дөрвөн нам, нэг эвслийг төлөөлөлтэй болгон “солонгоруулсан” нь ес дэх удаагийн сонгуулийн гол үр дүн байлаа.
АН ХҮЧТЭЙ БҮЛЭГ БАЙГУУЛЛАА
Арай гэж нэг дээвэр дороо эвлэсэн АН-ынхан сонгуулийн өдрөөр ч хуваагдсаар байлаа. Нэр бүхий 2-3 хүн Л.Гантөмөр даргыгаа байнга шүүмжилдэг нь л үргэлжлэв бололтой. Нэр дэвшигчдээ тодруулах үедээ АН-ынхан нэлээд талцаж, “зодолдсон”. Баабар гуайн үзэж буйгаар зарим нэг хүний нөлөө орж, нэр дэвшигчдээ сольж будилуулаагүй бол АН үүнээс ч илүү суудал авах магадлал, боломж байсан гэжээ. Түүнтэй санал нийлэх хүн цөөнгүй. Гэхдээ АН-ынхан 2020 оны сонгуулийн үр дүнгээ 50 хувиар ахиулсан учир чамлахаар чанга атгах хэрэгтэй. Тарж бутарч, найман жил “лааз өшиглөсөн” ч МАН-тай тулж чадах цорын ганц улс төрийн хүчин бол АН. Тиймээс алдагдан буй ардчиллаа аврахын тулд олон хүн энэ намд саналаа өгсөн нь нууц биш. Мөн АН-аас хуучин улс төрчид гэхээс илүү шинэ залуусаа түлхүү сойсныг нь ч дэмжсэн. Харамсалтай нь, чадварлаг залуусаас нь хангалттай сонгогдож чадсангүй. Гэвч АН ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө тэмцэж чадахаар бүлэгтэй болов. Хан-Уул дүүргээс сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүргээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар намаа төлөөлөн ганцаар сонгогдов. Тэдний ялалт илүү үнэ цэнтэй байсан гэхэд болно. “Нүүрсний хэрэг”-т нэр холбогдсон А.Адъяасүрэн, авлига, албан тушаалын асуудалтай гэгддэг Ш.Адьшаа болон “хөөрүү” улс төрч Ж.Батзандан гэх мэт сонгогдоогүйд нь талархмаар хүн бас бий.
Эдгээр намаас гадна шинэ улс төрийн хүчин, өнгө төрхийг хүсэж байсан хүмүүс ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ыг сонголоо. ХҮН намаас Баянгол дүүрэгт инженер Ж.Золжаргал сонгогдсон нь таамагт багтаагүй үр дүн болов. С.Эрдэнэ хүртэл тэнд мултарсан байхад цоо шинэ хүн сонгогдсон нь энэ. Мөн П.Наранбаяр наймдугаар тойрогт сонгогдсоноор ХҮН нам бор зүрхээрээ гарч ирсэн хоёр гишүүнтэй болж байна. Тус нам жагсаалтаар зургаа, нийт найман гишүүнтэй болов. Бүлэг байгуулах босгыг хараахан давж чадаагүй ч гуравдагч хүчний намын хувьд энэ бол том амжилт. Мөн нийт сонгогчийн саналаар Үндэсний эвсэл, ИЗНН тус бүрээс дөрвөн хүн жагсаалтаар сонгогдож буй юм. Үндэсний эвслээс жагсаалтаас Н.Номтойбаяр, гишүүн асан А.Ундраа, АН-ын экс гишүүн Л.Пүрэвдаваа, олны төдийлөн танил биш М.Сарнай хэмээх эмэгтэй гишүүн болох гэж байна. Иргэний зориг ногоон намын тухайд дуучин Нара буюу М.Нарантуяаг намдаа элсүүлсэн нь оновчтой сонголт болж чадав. Олны танил, гал цогтой, хэл ам, хэрүүл тэмцэл нь заримдаа хэтрээд байдаг хэдий ч бурууд нүд хурц ажиллаж чадах энэ эмэгтэй ИЗНН-ын нэр хүндийг өөд нь татаж, дөрвөн суудал авчирлаа гэхэд болно. ИЗНН хэдийгээр байгуулагдсан цагаасаа хойш 2020 оныг хүртэл парламентад төлөөлөлтэй нам явж ирсэн ч сүүлийн үед онцлох лидер ч үгүй болсон нь үнэн. Ингээд тус намаас дарга Б.Батбаатар, Нара болон Р.Батболд, С.Замира нарын сураггүй хоёр хүн гишүүн боллоо. С.Замира нь парламентад сонгогдож буй анхны казах үндэстэн эмэгтэй гишүүн болж буй гэнэ.
Ес дэх удаагийн сонгуулиар иргэд 69.5 хувийн ирцтэй оролцож, ямартай ч дөрвөн нам, нэг эвслийг парламентад сонгон, солонгоруулж чадлаа. Хангалттай биш ч боломжийн үр дүн. Чамлахаар чанга атга гэсэн үг. СЕХ-ныхон энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг парламент, Ерөнхийлөгчид танилцуулж, улмаар шинэ гишүүд тангаргаа өргөнө. Үүний дараа Засгийн газар байгуулах тухай яриа эрчимжих болно. МАН хэдийгээр дангаар Засгийн газраа байгуулах эрхтэй болсон ч хамтарч магад гэсэн шуум гарч байна. Тэд ХҮН, АН-тай, эсвэл зөвхөн ХҮН намтай эвсэнэ гэх мэтээр таамаг ч гарч эхэлжээ. Эрх баригч нам улс төрийн ямар шийдэл гаргах нь удахгүй тодорхой болох биз ээ.