Энэ сарын 11-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Тегераны умард хэсэгт дэлбэрэлтэд өртөж амиа алдсан эрдэмтэн Мустафа Ахмади Рошаны үхэлд Америкийн Тагнуулын төв газрынхан буруутай хэмээн Ираны эрх баригчид мэдэгдсэнийг “Reuters” уламжлав. Тегераны техникийн их сургуулийн профессор Мустафа Ахмади Рошан Натанза дахь уран баяжуулах үйлдвэрийн цөмийн төвийг удирддаг байсан аж.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Тагнуулын төв газрын агентуудын тусламжтайгаар халдлагыг зохион байгуулсныг нотлох баримтууд бий хэмээн мэдэгджээ. Цөмийн хөтөлбөрт ажиллаж байсан эрдэмтний амь насанд халдсан явдлыг шүүж, шалгахыг Ираны эрх баригчид НҮБ-аас хүссэн билээ. НҮБ-д илгээсэн мэдэгдэлдээ тэд Ираны цөмийн хөтөлбөрийг тасалдуулах гэсэн гаднынхан эрдэмтдийн амийг хөнөөж байна гэж өгүүлжээ.
Ахмади Рошаныг амь үрэгдэхээс нэг жилийн өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 11-нд Мажид Шахриари хэмээх эрдэмтэн халдлагад өртөж нас барсан юм. Тухайн үед Иран уг халдлагад АНУ, Израилийн тусгай албаныхан оролцсон хэмээн мэдэгдэж байжээ.