Өвөрхангай аймгийн Сант сумд гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан МАН-ынхан түргэн авч, байдлыг намжаах оролдлого хийж эхэлсэн. Намчирхал, улс төржилт, даргад зусардах байдал орон нутагт газар авч, улмаар хүний аминд хүрэх хүртлээ хүндэрч, ялзарсныг энэ харамсалтай явдал харуулж буй юм.
АН-ын дарга талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шударгаар өрсөлдөхийг, хүний аминаас илүү үнэтэй төрийн сонгууль байх ёсгүйг сануулав. Мөн тус намын гишүүд, дэмжигчид уржигдар Сүхбаатарын талбайд зул өргөж, эмгэнэл илэрхийлсэн. Монголчууд найман удаа сонгуулиа тайван замаар хийж чадсан. Харин ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг хүний алтан амь ийнхүү үрэгдэв. Тиймээс иргэд олон нийтийн зүгээс МАН-ыг шүүмжлэх хандлага ч эрчимжиж байна. Байдал бишдээд эхэлмэгц МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, нэгдүгээр тойрогт нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хариуцлага тооцон, нэрийг нь татаж буйгаа мэдэгдлээ. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32.13-т “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” хэмээн заасан. Харин нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн хоёр л тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхээр заасан юм. Уг хуулийг эрх баригчид боловсруулж баталсан учраас энэ заалтыг мэдэхгүй байх боломжгүй. Тиймээс уг үйлдэл нь үнэхээр эмгэнэн гашуудсан бус, олон нийтийг тайвшруулж, гал унтраах, намынхаа нэр хүндийг аврах зорилготой л харагдаж буй юм. Мөн цагдаагийн байгууллагаас талийгаач болон гэмт хэрэгтэн хоёр өс хонзонтой байсан тухай мэдээлсэн. Хэргийг мөрдөн шалгах явцад зарим нотлох баримтыг устгасан тухай хуульч Р.Булгамаа мөн өчигдөр мэдэгдэж, “Төр үргэлж хохирогчийг буруутгах оролдлого хийдэг” хэмээн сануулав.
Уржигдар орой МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хувиараа эмгэнэл илэрхийлэхээр АН-ын сонгуулийн төв штабын байранд очиж, Л.Гантөмөртэй уулзлаа. Штабтаа “хариуцлагагүй хүн” ажилд авсан Г.Сайханбаярын нэрийг татсанаар энэ хэргийг намжаах сонирхол тэдэнд бий нь мэдээж. Ингэж тохиролцоод өнгөрөх нь хэмээн АН-ын зарим гишүүн ч намын даргаа хардав. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй “элийрэгч” Ц.Уянга даргаасаа ямар шалтгаанаар, яах гэж Л.Оюун-Эрдэнэтэй уулзсаныг нь тодруулж, ам асуугаад авлаа. МАН-аас “заавар” авчих вий, тохиролцоод өнгөрөөчих вий гэж хардсан гишүүдийн төлөөллөө Л.Гантөмөр хүлээн авч, шөнө 02.30 цаг хүртэл уулзсан гэнэ. Улмаар АН-ынхан нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн МАН-ын есөн хүн бүгд нэрээ татаж, улс төрийн бүрэн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ талаар тэд шаардлага тавина гэсэн үг. Мөн дарга шүтэх, ажил, амьдралаа авч үлдэхийн тулд бялдуучлах, бүр хүний амь хөнөөх хүртэл хүндэрсэн намчирхал, ялзарлыг бий болгосон МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ч хариуцлага хүлээж, огцрох ёстой гэж үзсэн байна. Тиймээс тэд Ерөнхий сайдыг огцорч, хүний амь үрэгдсэн үйлдэлд хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа өчигдөр мэдэгдсэн юм.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш АН-ынхны штабыг тонох, компьютер хэрэгслийг нь хулгайлах, пиарын багийн ажилтнуудыг баривчлахаас эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл олон удаа гарсан аж. Тэр бүрд холбогдох байгууллагад гомдол гаргасан ч шийдэхгүй явсаар хүний аминд хүртэл хүндэрлээ гэж АН-ынхан үзэж буй юм. Шөнө болсон уулзалтын үр дүнд дээрх гэмт хэрэг болон сонгуулийн үеийн дарагдсан бусад хэрэгтэй холбоотой мэдээлэл цуглуулах, шударга сонгууль явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаар ахлуулан байгуулжээ. Тэрбээр “Сурталчилгаа эхлэх үед л МАН-ынхан дайн гэдэг үг ашигласан. Мөн нэг улс төрчийн хэргээр шоудсан нэвтрүүлгийг олон удаа цацлаа. Энэ бүхэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэлээ” гэсэн юм.
ХҮН, Үндэсний эвсэл зэрэг улс төрийн хүчнээс ч уг хэрэгтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлж, эрх баригчдыг шударга, цэвэр өрсөлдөхийг шаардаж байна. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “МАН сонгуулийн уулзалтдаа иргэд, төрийн албан хаагчдыг хүчээр оролцуулж буйгаас энэ хэрэг үүджээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татаж, түүгээр туг тахиж, олон нийтийг тайвшруулаад өнгөрнө гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү. Хуулиар ийм боломжгүй. Бас Л.Оюун-Эрдэнэ АН-ын байранд очиж, Л.Гантөмөртэй уулзсан байна. Үнэхээр эмгэнэж байгаа бол Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаасаа огцорсныхоо дараа ир гээд хөөгөөд явуулж болдоггүй юм уу. Л.Гантөмөр МАН-ын энэ эмгэнэж буй мэт, нүглийн нүдийг гурилаар хуурсан жүжигт нь оролцоод суух учиргүй. Нэг намын дарангуйллын эсрэг тууштай тэмцэж, туг нь байх ёстой АН-ын дарга ийм хүлцэнгүй, дуулгавартай, дагалдсан байдлаар ажиллаж болохгүй. Дүн өвлийн хүйтэнд нярай хүүхэдтэй ээжийг таавчигтай алхуулсны төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Энэ явдал бол үүнтэй зүйрлэмгүй ноцтой хэрэг шүү” гэсэн байна.
Юутай ч АН-ын дарга Л.Гантөмөр гишүүдийнхээ шахалт, шаардлагын дагуу зоригтой хөдөлж, шаардлага тавихаар болжээ.