Хотын суурьшлын бүс, айлын хашаанд зэрлэг амьтан орж ирсэн тохиолдол энэ он гарснаас хойш 15 удаа бүртгэгдсэнийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Сүүлийн жилүүдэд ийм явдал ихэссэн нь зуслан, суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой гэдгийг байгаль хамгаалагчид хэлж байна. Чөлөөтэй зорчих, нүүдэллэх боломж нь хязгаарлагдсан амьтад идэш тэжээл хайж яваад хотод орж ирэх нь элбэг аж. Мөн зэрлэг нохдод хөөгдөж, тээврийн хэрэгсэлд дайруулж, зориулалтын бус төмөр тор, хашаанд өлгөгдөн бэртэж гэмтсэний улмаас суурьшлын бүс бараадах нь олон гэнэ.
Уржигдар гэхэд Хан-Уул дүүргийн IX хорооны нутагт орших гэр хорооллын нэгэн айлын хашаанд тарвага орж ирснийг экологичид байгальд нь буцаан тавьжээ. Хотын суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн, бэртэж гэмтсэн байгаа тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газрын 7272 0303, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдээлэн, тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг дуудах боломжтой юм байна.