2023 он түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл Ази, Номхон далайн бүсийн 40 сая хүнд шууд нөлөөлснийг Азийн Хөгжлийн банк тайландаа дурджээ. Улмаар тус банк хөрөнгийн менежментийн томоохон реформууд хийснээр ирэх 10 жилд олгох 100 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийн бүрдүүлэв. Энэ нь Азийн Хөгжлийн банкны жилийн зээлийн эх үүсвэр ойролцоогоор 40 хувиар нэмэгдэх юм.
Өнгөрсөн онд Азийн Хөгжлийн банк зээл, буцалтгүй тусламж, батлан даалт, хувьцааны хөрөнгө оруулалт, техникийн туслалцаагаар дамжуулан нийт 23.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Харин уур амьсгалын чиглэлд 9.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон нь хамгийн өндөр дүн аж. Тухайлбал, 2022 онд 6.7 тэрбум ам.долларыг энэ чиглэлд олгосон. Түүнчлэн 2023 онд тус банк 170 төслийг хамтран санхүүжүүлснээс 38 нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аж.
Монгол Улсын хувьд Азийн Хөгжлийн банк өнгөрсөн онд 409.2 сая ам.долларын санхүүжилт хийж, үүнээс 47.9 сая нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд чиглэв. Мөн нийт дүнгээс уур амьсгалын санхүүжилтэд 109.1 сая ам.доллар олгосноо тайлагнасан байна.