Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас БОАЖЯ, ЗТХЯ зэрэг манай төрийн холбогдох байгууллагынхантай хамтран зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хашааны стандарт боловсруулахаар ажиллаж буйгаа өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Тэгвэл талууд MNS 7042:2024 Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа, ерөнхий шаардлага үндэсний стандартыг өнгөрсөн долоо хоногт батлуулснаа байгаль орчны байгууллагууд болон олон нийтэд танилцууллаа.
Ингэснээр манай улс дэд бүтцийг зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөж, байгуулахтай холбоотой үндэсний гурван стандарттай болжээ. Сүүлд баталсан стандарт нь төмөр болон авто зам дагуух өргөст тор, зориулалтын бус хашааг халах, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай, саад учруулахгүй байх шийдэл нэвтрүүлэхэд чиглэж буй гэнэ. Стандартын бус өргөст тор, хашаа нь хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, бөхөн зэрэг ховор амьтдын хорогдлын гол шалтгаан болж буй тул судлаач, мэргэжилтнүүд стандарт боловсруулахад нэгдэн ажиллажээ. Үүнд шаардлагатай зардлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр шийдсэн байна.