Төвийн болон зүүн, говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр, нөгөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Түүнчлэн ирэх сарын 1-нд төвийн, 2-нд баруун аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орох нь. Салхи секундэд 6-11 метрт хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд нөөлөг салхи (аадар, хур тунадас, аянга цахилгааны үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдэл), мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Аянга, цахилгаантай үед пийшин, зуух, цонх, утасны мод, уурын зуухны яндан, уул, толгодын орой, өндөр хүчдэлийн шугамын ойр явахыг хориглодог аж. Мөн унадаг дугуй, мотоцикл, задгай машин, трактор, мориор явах, гар утсаар ярих, усанд орох зэрэг нь эрсдэл үүсгэж болзошгүй бөгөөд аянга цахилгаантай үед радио, зурагтаа салгахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Түүнчлэн бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй явахыг анхаарууллаа.
Бэлтгэсэн Ч.Болор