Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их хуралдай” цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явуулав. Тэрбээр “1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.
Манай улс “Go Mongolia” буюу өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндийг олон улсад танилцуулж, өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Цаашид амжилтаа илүү ахиулах учиртай. Түүх соёлоо дээдэлж, бататган бэхжүүлсэн улс үндэстэн илүү удаан оршин тогтнодог. Түүхийн дархлаа улс орны тусгаар тогтнолд нэн чухал” хэмээн тэмдэглэсэн байна.
Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, “Их хуралдай” цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг хэлэлцжээ. Монгол Улсын баялаг түүх, их эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс байгуулахаар төлөвлөж буй юм байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат болон байгалийн цогцолборт газар олонтой, түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Тиймээс түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх нь. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг энэ үеэр онцолсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их хуралдай” цогцолборыг “Чингис хаан” музейн харьяанд байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Уг цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газрын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлог юм.