Дэлхийн хэмжээнд судлагдсан, цэнгэг усны нүүдэллэдэг загасны төрөл, зүйл сүүлийн 50 жилийн хугацаанд 65, түгээмэл тархацтайд тооцогддог байсан 80 зүйлийн тоо толгой 80-аас дээш хувиар буурсан гэж “The nature con-servancy” олон улсын байгууллагаас мэдээлэв. 70 гаруй оронд байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага олон улсын судлаачидтай хамтран хийсэн “Цэнгэг усны нүүдэллэдэг загас-Амьд ертөнцийн индекс” судалгааныхаа үр дүнг энэ сарын 25-нд тохиосон Дэлхийн нүүдэллэдэг загасны өдрөөр танилцуулахдаа ийм статистик дурдлаа.
1970-аад оны үед дэлхийн хүн ам жилд дунджаар 80-90 сая тонн загас олборлодог байжээ. Харин өдгөө энэ үзүүлэлт 160 орчим сая болж өсөөд буй гэнэ. 2020 оны судалгаагаар цэнгэг усны нүүдэллэдэг гол зүйл загасны тоо толгой 76 хувиар буурсныг тогтоосон бол дөрвөн жилийн дараа хорогдол нь дөрвөөс дээш хувиар нэмэгджээ.
Нүүдэллэдэг загас нь гол, мөрний экосистемийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл энэ зүйлийн загасыг устахаас сэргийлэхийн тулд томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах нь үр дүнтэй аж. “The nature conservancy” олон улсын байгууллага 2030 он хүртэл дэлхийн хэмжээнд нэг сая км-тэй тэнцэхүйц урт голын сүлжээ, 60 сая га талбай бүхий ус, намгархаг газар, нуур тойрмыг хамгаалж, нөхөн сэргээх зорилт тавьжээ. Үүнийхээ хүрээнд манай улсад Дэлгэрмөрөн, Шишгэд гол дагуух 2200 км газрыг хамгаалах зорилготойгоор ажиллаж буй юм байна. Судлаачид цэнгэг усны индикатор гэгддэг тул загасны нүүдэл, гол, нуурын эхийг хамгаалах чиглэлээр орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж буйгаа дурдлаа.