УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1370 хүний нэрийг дэвшүүлж, СЕХ-нд холбогдох материалаа хүргүүлээд байна. МАН, АН, ХҮН намынхан 100 хувийн ирцээр буюу тус бүр 126 хүн сойсон. Намууд сонгуулийн тухай хуулийн дагуу тойрогт 39-өөс дээш хүн өрсөлдүүлэх босготой. БНН-ынхнаас эхлээд зарим гуравдагч хүчнийхэн нэр дэвшигч хайсан зар тавьж, жаахан “зүдэрсэн” бол том намуудад горилогчдынх нь тоо илүүдэж, улмаар гомдож туниад асуудалтай л байна. Юутай ч дээрх тооны нам, эвсэл босго давж, нэг нь дунджаар 50 хүн нэр дэвшүүлсэн байх нь.
СЕХ-ноос нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчдийн материалыг ирэх сарын 1-нээс өмнө хянах учиртай. Улмаар засах зүйл, дутуу материал байгаа бол хугацаа олгож, ирэх сарын 10 гэхэд нэр дэвшигчид албан ёсоор тодрон, үнэмлэхээ гардана. Гэхдээ үүнээс өмнө гол өрсөлдөгч АН-ынхан сонгуульд оролцож чадна, чадахгүй гэсэн маргаан нийгмийн сүлжээнд өрнөөд буй юм.
Харин АН-ын дарга Л.Гантөмөр “Бид сонгуульд оролцох батламжаа авчихсан. Одоо СЕХ-нд 126 нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой үйл явц өрнөж байна. Нэр дэвшигчдийн бүртгэл намыг сонгуульд оролцох, эсэхэд нөлөөлөхгүй. АН-аас намын даргын гарын үсэг бүхий албан ёсны шийдвэрээ СЕХ-нд хүргүүлсэн. Манай нам нэг л шийдвэр гаргасан” гэсэн тайлбар өгөв.
Л.ГАНТӨМӨР: НЭР ДЭВШИГЧДИЙН БҮРТГЭЛ АН-ЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ЭСЭХЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Тус намын эрх бүхий байгууллагаас нэр дэвшигчдээ тодруулсан тогтоол, баримт бичгийг СЕХ-нд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Гэвч үүнээс гадна хуульч Д.Оросоогоос “Техникийн засвар хийх хэрэгтэй байна” хэмээн 74 хүний нэрийг өөрчилсөн бичиг өгсөн, өөр нэг гишүүнээс нь ч гомдол, санал гаргасан тухай СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлсэн. Тиймээс тус намынхнаас энэ талаар тодруулга хүссэн юм. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийж, сонгуультай холбоотой үйл явцын талаар саналаа нэгтгэсэн аж. Олон фракцын зөрчил, гомдогсдынх нь үйлдэл намаа сонгуульд оролцуулж чадахгүй хэмжээнд хүргэх вий хэмээн ардчилалд элэгтэй хүн бүр санаа зовниж байна. Харин АН-ын дарга Л.Гантөмөр “Бид сонгуульд оролцох батламжаа авчихсан. Одоо СЕХ-нд 126 нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой үйл явц өрнөж байна. Нэр дэвшигчдийн бүртгэл намыг сонгуульд оролцох, эсэхэд нөлөөлөхгүй.
АН-аас намын даргын гарын үсэг бүхий албан ёсны шийдвэрээ СЕХ-нд хүргүүлсэн. Манай нам нэг л шийдвэр гаргасан” гэсэн тайлбар өгөв. Нэр дэвшигчдийг тодруулсан тухай, СЕХ-нд хүргүүлсэн ҮБХ-ны тогтоолд нь Л.Гантөмөр, Э.Одбаяр, Ж.Батсуурь, Б.Гарамгайбаатар, Ж.Баярмаа нарын таван хүн гарын үсэг зурах ёстой ч сүүлийн гурав нь мутраа дараагүй тухай зарим сайтад мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, үүнээс болж тогтоол нь хүчингүй болно гэж буй. Тэгвэл энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “ҮБХ-ны гишүүд онцгой эрхгүй. Тэд тооллогын комиссоос гаргасан шийдвэрт л гарын үсгээ зурах ёстой. Гэхдээ гарын үсэг зураагүй бол тогтоол хүчингүй болно гэсэн юм байхгүй” гэсэн тайлбар өгсөн юм. Өөрөөр хэлбэл, АН-ын албан ёсны цахим хуудсанд тавдугаар сарын 20-ны шөнө оруулсан, одоо ч тэнд байгаа нэрс хүчинтэй гэсэн үг аж. Үүний дагуу бол тус намын жагсаалтын есдүгээрт УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр байгаа хэвээр гэж ойлгов.
Парламентын суудал хязгаартай. Гэтэл тус намаас 126 мандатын төлөө өрсөлдөхөөр 240 хүн саналаа өгсөн юм байна. Үүнээс 114 нь мандатгүй үлдсэн учраас гомдол тасрахгүй байх нь ч аргагүй биз. Угаас олон фракцтай, зөрчил тэмцэл нь ил байдаг намын хурал хэрүүлгүй болбол бараг гайхаж мэднэ. АН-ын дарга ч “АН бол олон ургальч үзлийн нэгдэл. Дарга бүгдийг шийддэг нам биш, мандат авч чадаагүй хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Энэ нь биднийг эв нэгдэлгүй мэт харагдуулж буй ч үнэндээ ардчилал, эрх чөлөө шүү дээ. Манай нам доторх бүх хүн Монгол Улсын эрх чөлөөний төлөө байгаа” гэсэн юм.
Сонгон шалгаруулах комисст долоон хүн багтсаны нэг нь С.Баярцогт байсан, тэрбээр өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичиж оруулж ирсэн гэнэ. Үүнийг ҮБХ-ны гишүүд эсэргүүцэж, дахин санал хурааснаар одоо албан ёсны хуудсанд нь нийтэлсэн, СЕХ-нд хүргүүлсэн нэрс бүхий тогтоолыг баталсан тухай тэд ярив. Уг нь С.Баярцогт тус намын тэргүүн дэд дарга. Гэвч өчигдөр Л.Гантөмөр, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл тэргүүтэн сууж байгаад түүнийг шүүмжилсэн нь тиймхэн л харагдсан. Тарж бутарсан намаа эвлүүлэхэд С.Баярцогтын үүрэг, мэдлэг, туршлага, ур чадвар их байсан болов уу. Гэвч тэдний тайлбарладаг ардчилал нь л энэ бололтой. Намын даргынх нь хэлснээр хар пиарт өртсөн хүмүүсээ “хойш нь татсан” юм байна. Мөн 126 нэр дэвшигчээ судалгаа, ард түмний саналыг харгалзан сонгосон, жагсаалтын 48 хүний дотор УИХ, Засгийн газрын гишүүн байсан таван нэр дэвшигч л багтсан хэмээн онцолсон.
ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮДИЙН ӨРӨГ
АН-ынхан ийнхүү үймж байх зуурт гуравдагч хүчний намууд төлөв даруугаар нэр дэвшигчдээ тодруулаад байна.
ХҮН нам бүрэн ирцээр буюу 126 гишүүн сойхоор болов. Намын дарга Т.Доржханд жагсаалтаа тэргүүлж, Ч.Лодойдамба гуайн зээ охин Л.Энхнасан, генсек П.Ганзориг, Р.Гончигдорж гуайн охин Г.Уянгахишиг, тус намын дарга асан Б.Найдалаа гэх мэтээр эрэмбэлсэн байна. Тус намын жагсаалтад рок артист У.Үнэнхүү багтсан бол загвар өмсөгч О.Билгүүн тойрогт өрсөлдөж буй юм. Энэ удаа бүх л нам олны танил, урлаг, спортынхноос багаа бүрдүүлсэн нь тойргийг томсгож бүсчилсэнтэй холбоотой.
ИЗНН-ынхан уг сонгуульд 76 хүн нэр дэвшүүлсний 12 нь жагсаалт, үлдсэн нь тойрогт өрсөлдөх юм байна. Тэдний хамгийн залуу нь 26 настай эмэгтэй, ахмад нь 76 настай эрэгтэй гэнэ. Намын дарга Б.Батбаатар жагсаалтыг тэргүүлсэн бол дуучин М.Нарантуяа Нара хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. ИЗНН-д саяхан элссэн тэрбээр даруй намын дэд даргаар нь сонгогдож, ийнхүү дээгүүр жагссан аж. Нэр дэвшигчдээ тодруулахдаа нийгмийн бүхий л төлөөллийг багтаасан . Үүний нэг нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар. Тэрбээр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас бүрдэх тавдугаар тойрогт нэр дэвшиж буй.
Иргэдийн оролцооны нэгдэл намаас 59 хүн нэр дэвшүүлсний залуу нь 25, ахмад нь 60 настай. Мөн 35 эмэгтэй, 24 эрэгтэй өрсөлдөж байна. Тус намаас жагсаалтад дөрвөн хүн л эрэмбэлжээ. Үлдсэн 55 нь тойрогт байгаагийн дотор намын дарга Ц.Оюунгэрэл өөрөө Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн байна. ИОНН-ынхан ч яаж олны танилын “сүлжээ”-нээс дутах билээ. Урлаг, спортынхноос нэр дэвшүүлжээ. Тухайлбал, загвар өмсөгч, мисс Д.Эрдэнэтуяа Баянгол, Монголын бодибилдинг, фитнесийн холбооны ерөнхийлөгч, тамирчин Т.Өгөөмөрзаяа Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт өрсөлдөх нь. Т.Өгөөмөрзаяад тус намын дарга Ц.Оюунгэрэл санал тавьсан, залуусын оролцоо, төлөөллийг хангах нь зөв гэж үзсэн учраас үүнийг хүлээж авснаа тэрбээр ярьсан байна.
Үнэн ба зөв намаас уг сонгуульд 84 хүн дэвшүүлсний 14 нь жагсаалтаар, 70 нь тойрогт өрсөлдөх юм билээ. Тус намын дарга А.Отгонбаатар нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэрээ дэвшүүлжээ. Даргаас нь өөр олон нийт таних хүн бараг үгүй уг намын жагсаалтын гуравдугаарт “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан орсон юм байна.
Эрх чөлөөний эвсэл намаас 51 хүн нэр дэвшүүлжээ.
Шинэ нэгдсэн эвсэлд МУНН, ШИНЭ намынхан хамтраад буй. Уг эвслийнхэн тойрогт 55, жагсаалтаар 40, нийт 95 хүн дэвшүүлжээ. Жагсаалтыг нь ШИНЭ намын дарга Ц.Гантулга тэргүүлж, удаад нь Эрүүл мэндийн дэд сайн асан, сонгуулийн өмнө бууриа сэлгэн тус намын дэд дарга болсон Ж.Цолмон орсон байна. Сэтгүүлч Б.Отгон жагсаалтын дөрөвт, есдүгээрт Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, аравт орчуулагч, судлаач Д.Сүхжаргалмаа зэрэг олны танил хүнийг эрэмбэлжээ. Ер нь тус эвслийн нэр дэвшигчид дунд сэтгүүлч, хөтлөгчид цөөнгүй багтсан байх юм.
Үндэсний эвслээс жагсаалтад 25, тойрогт 45, нийт 70 хүн нэр дэвшүүлжээ. Жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа удаалж, АН-ын экс гишүүн, эдүгээ Либерал ардчилсан намын дарга Л.Пүрэвдаваа гуравт эрэмбэлэгдсэн байна. Мөн эвслийг бүрдүүлсэн хоёр намын нэг болох МНН-ын дарга О.Бум-Ялагч тав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл есдүгээрт бичигдээд буй юм. Олны танил хүмүүсээс Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувдын хүү дуучин, эрх зүйч Т.Бат-Оргил Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зургаадугаар тойрогт өрсөлдөх нь.
Гуравдагч хүчний намууд хэр хэмжээндээ бүхий л салбарын төлөөллийг ханган, нэр дэвшигчдээ бүрдүүлсэн нь энэ. Нэг намын тогтолцоог халж, парламентыг “солонгоруулах”-ын төлөө тэд хичээх учиртай. Эдгээр нам, эвсэл бүгд парламентад төлөөлөлтэй болж чадахгүй. Гэвч шинэ, өөр хүчинд найдлага тавьж буй сонгогч цөөнгүй. Өөрөөр хэлбэл, орон зай, боломж бий. Тиймээс ирэх парламентад 4-5 нам суудал авч, МАН, АН-аас гадна бас нэг нам, эвслийн бүлэг байгуулах магадлалтай. Тэд АН-ын биш, МАН-ын саналаас “чангааж” чадвал илүү ч боломж гарахыг үгүйсгэхгүй юм. МАН-ынхан хэрүүл тэмцэл багатайхан шиг нэр дэвшигчдээ тодруулчхаад АН-ынхны “зодоон”-ыг хөндлөнгөөс ажиглаж, дэврээхэд нь хөшигний ардуур хувь нэмэр оруулсан шиг сууж байна.
“АН-гүй сонгууль болох нь, дотоод зөрчлөөсөө болоод энэ нам хасагдах гэж байна” гэсэн мэдээллийг зарим сайтаар санаатай, санаагүй тарааж буйг эрх баригчидтай холбож хардах ч үндэс бий. Өрсөлдөгч гол нам нь хасагдвал МАН-д хамгийн ашигтай. Гэхдээ АН-гүй сонгууль болбол Монгол Улс ардчилсан тогтолцоог “оршуулж” буйтай агаар нэг болно. Асуудал тэр хүртэл хүндрэхгүй нь мэдээж биз ээ. Зургаадугаар сарын 10-нд СЕХ-ноос нэр дэвшигчдэд албан ёсны үнэмлэхийг нь гардуулах үед 1370 хүнээс зарим нь хасагдаж мэднэ. Гэвч түүхэнд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөх сонгууль болж үлдэх нь тодорхой байна.