“Улаанбаатар” аялал жуулчлалын холбооны санаачилгаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Улаанбаатар трэвэл экспо-2024” үзэсгэлэн, яармагийг “Мишээл экспо” худалдааны төвд энэ сарын 24-26-нд зохион байгуулав. Жуулчлалын улирал угтсан энэхүү арга хэмжээ нь тур оператор, аяллын агентлагууд болон зочлох үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын аялагчдад сурталчлан таниулж, санал болгох, аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж. Тиймээс дээрх төвийн үзэсгэлэнгийн болон гаднах талбайгаас аяллын нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, хямдралтай үнээр худалдан, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг түгээсэн юм. Түүнчлэн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн нээлттэй өдөрлөг”-ийг энэ өдрүүдэд зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудад эрэлттэй, сул байгаа ажлын орон тоог зарлан, энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл хүргэв.
“Монголд зочлох жил” санаачилгатай холбоотойгоор 10 дахь удаагийн “Улаанбаатар трэвэл экспо”-гийн цар хүрээг өргөжүүлж, зуучлалын компани, зочид буудал, жуулчны баазуудаас гадна мото, авто машин түрээс, аяны хэрэгслийн худалдаа, даатгалын үйлчилгээ эрхлэгч, нислэгийн тийзийн агент, аяллын клубүүд, музей, үзмэрийн газар, цахим платформ хөгжүүлэгчдийг оролцуулсныг зохион байгуулагчид дурдав. Тусгай сонирхлын аяллын хөтөлбөрийг жуулчдад санал болгодог “Терра адвентур турс”, технологид суурилсан нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг “Тапатрип”, автомашины аяллын тоноглолоор дагнадаг “Wild land Mongolia” зэрэг шинэлэг, содон үйлчилгээ үзүүлдэг компанийг энэ үеэр үйлчлүүлэгчдэд онцгойлон танилцуулжээ.