-19 нам, хоёр эвслээс 1370 хүн нэр дэвшүүллээ-
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-нд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлж дуусав. 19 нам, хоёр эвслээс тойрогт 985, жагсаалтаар 385, нийт 1370 хүн нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн юм байна. Өмнө нь 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн олон нь болж байсан юм. Тэгвэл парламентын гишүүний тоог 50-иар нэмсэнтэй холбогдуулан нэр дэвшигчид ч ийнхүү нэмэгджээ. Энэ удаагийн сонгуульд оролцохоор бүртгүүлж, батламжаа авсан Гэр хороолол хөгжлийн, Дэлхийн монголчууд, Монголын либерал намынхан материалаа заасан хугацаанд өгөөгүй гэнэ. Мөн Ардчилал шинэчлэлийн нам сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул хасагдсан аж. Тэгэхээр МАН, АН, ХҮН, ИЗНН, Эх орончдын нэгдсэн, Иргэдийн оролцооны нэгдэл, Ард түмний олонхын засаглал, Бүгд найрамдах, Монголын либерал ардчилсан, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Үнэн ба зөв, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн, Монгол консерватив, Монголын социал демократ, Ард түмний хүч, Эх орон, Эрх чөлөөний эвсэл, Монголын хүний төлөө, Иргэний хөдөлгөөний нам болон Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвслийнхэн сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүлсэн байна. Мөн нийт 47 бие даагч баримт бичгээ СЕХ-нд өгсөн аж.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүх үйл явц цаг хугацаатай өрнөж буй. Үүний хүрээнд нам, эвслүүд энэ сарын 20-ны дотор нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгвэл АН-ынхны нэр дэвшигчдээ тодруулсан тогтоолд хуулийн хугацаа өнгөрсний дараа өөрчлөлт оруулсан тухай зарим гишүүн нь гомдол мэдүүлж буй. Энэ талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “АН-аас албан ёсоор нэг тогтоол бүхий 126 нэр дэвшигчийн нэрээ ирүүлсэн. Гэвч тус намыг төлөөлж СЕХ-той харилцах эрх бүхий хүн болох хуульч Д.Оросоогоос тогтоолд техникийн алдаа гарсан тул засаж өгнө үү гэсэн бичиг, мөн өөр нэг иргэнээс мэдээлэл ирүүлээд байна. Тиймээс бид үүндээ тайлбар өгөхийг хүссэн албан бичгийг АН-ын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Тус намын дотоод дүрмээрээ шийддэг асуудал учраас нэр дэвшигч тодруулсан тогтоол эрх зүйн чадамжтай, эсэхийг СЕХ тогтоох боломжгүй. Тиймээс АН-ынхан маш тодорхой тайлбар өгөх учиртай. Тэгж чадахгүй бол шүүхээр тогтооход хүрнэ” гэлээ.
СЕХ-ныхон нам, эвслүүд болон бие даагчдын баримт бичгийг хянаад, бүртгэх, эсэхийг ирэх сарын 1-ний дотор шийдэх юм. Мөн зөвхөн тухайн нэр дэвшигч нас барсан, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд нөхөн нэр дэвшүүлдэг аж. Харин бичиг баримт нь зөрчилтэй байвал тухайн нэр дэвшигч түүнийгээ засаад материалаа дахин өгнө. Нэгэнт нам, эвслээс нь баталсан нэр дэвшигчийн оронд өөр хүн оруулах, солих боломжгүй гэдгийг СЕХ-ноос онцоллоо.