Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй экологичид дэлхий дээрх нийт цагаан зээрийн 99 хувь нь (2.1 сая) Монголд нутагладгийг тогтоож, манай улс эл амьтныг хамгаалж, тоо толгойнх нь тогтвортой өсөлтийг хангах чиглэлд илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхааруулсан. Тэгвэл цагаан зээрийн гол тархац нутаг болсон Сүхбаатар аймгийнхан “Хайрлая, хамгаалъя, хамтаръя” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын хэмжээнд ховор, хязгаарлагдмал тархацтай уг амьтны хамгааллын асуудалд орон нутгийн иргэд, судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулав.
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачилж, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн дэмжлэгээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх эко клубийн 500 гаруй сурагч оролцож, дуу хоолойгоо илэрхийлжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн хямралын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд цагаан зээрийн тоо толгой эрс цөөрөөд буйг оролцогчид энэ үеэр дуу нэгтэй хөнджээ. Иймд малчид, байгаль орчны байгууллагынхан, эко клубийнхэн, судлаач, мэргэжилтнүүд, аймаг, сумын удирдлага гээд бүх шатны хүмүүс цагаан зээрийг хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулахад анхаарах хэрэгтэйг талууд дурдсан байна. Эко клубийн сурагчид гэхэд “Янзаган хүрээг хайрлаарай” аяны хүрээнд төлөвлөсөн, өнгөрсөн жил баталсан тунхаг бичигт тусгасан ажлуудаа эрчимжүүлэхээ энэ үеэр мэдэгдсэн аж.