Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхий алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн Женнифер Браш тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
АИХЭА-ны Сонгууль ажиглах баг Улаанбаатар хотноо 2024 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Сонгууль ажиглах багийн тэргүүнээр Элчин сайд Женнифер Браш ажиллаж байна.
Уулзалтын үеэр талууд энэ зургадугаар сарын 28-ны өдөр болох УИХ-ын сонгуулийн асуудлаар санал солилцов. Монгол Улс 2012 онд тус байгууллагын 57 дахь гишүүнээр элссэн бөгөөд хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу АИХЭА-ны төлөөлөгчдийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг анх урьж, улмаар тус албаны Сонгууль ажиглах баг манай улсын 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийг тус тус ажигласан.