Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, салбар яамны хэрэгжүүлж буй бодлогын дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан. Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунт зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэд саадгүй нэвтэрч байна. Үүнийг эрчимжүүлж 2024 онд улсын хэмжээнд байгаа нийт 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулж дуусах аж. Тодорхой хэлбэл, одоогоор хот тойрсон зургаан төлбөр авах цэг бүрэн цахимжсан. Үлдсэн 26 төлбөр авах цэгийг 2024 онд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна.
Ердийн үед Улаанбаатараас орон нутгийн орох гарах хөдөлгөөнд 18-20 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутамд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж, 100 мянгад хүрдэг.
Харин Зам, тээврийн хөгжлийн сайдын 226-р тушаалын дагуу цагаан жагсаалтад бүртгэх хөтлөх түр журам 2023 онд шинэчлэгдсэн. Энэ нь нийслэл хотыг тойрсон, тухайн төлбөр авах цэгт байршиж буй дүүрэг, баг, хороонд амьдарч буй хүмүүс цагаан жагсаалтад хамрагдаад үнэгүй зорчих эрхтэй. Үүнд хамрагдахын тулд E-Mongolia цахим системээр нэвтэрч цагаан жагсаалтад бүртгүүлж, зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.