ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2011 онд байгуулагдсан “Национальный комитет-60” байгууллагаас ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинийг 60 насных нь ойгоор алдаршуулахаар олон ажил хийж буй. Энэ байгууллагын жинхэнэ нэр нь “Общественный национальный комитет по подготовке празднования 60 летия почетного гражданина Санкт-Петербурга Путина В.В” буюу “Санкт Петербургийн хүндэт иргэн В.В.Путиний 60 насны ойг тэмдэглэхэд бэлтгэх үндэсний хороо”.
В.Путин 2012 оны 10 дугаар сарын 7-нд 60 нас зооглох аж. Тус байгууллагаас энэ ойг тохиолдуулан Путинд маршал цол олгох, 2012 оныг Путиний жил болгох, Петербург хотын Кольцовын замыг Путиний нэрээр нэрлэх, хот бүрт энэ хүний нэрэмжит гудамж нээх, хөшөө босгох зэрэг олон санал гаргаад байгаа. ОХУ Ерөнхий сайдынхаа 60 насны ойг яаж тэмдэглэх нь тэдний дотоодын асуудал ч “Үндэсний хороо-60” энэ сарын 10-нд гадаадын улс орнуудад хандан Ерөнхий сайд В.В.Путинийг төрийн дээд шагналаараа шагнахыг уриалсан байна. Байгууллагын тэргүүн, Санкт Петербург хотын депутат агсан Владимир Кучеренко “Ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагааны төлөө байгуулсан асар их гавьяаг нь үнэлэн Санкт-Петербург хотын хүндэт иргэн В.В.Путинийг улсынхаа баатар цолоор шагнахыг бид найрамдалт харилцаатай 13 оронд санал болгоод байгаа” гэжээ.
Тэд Путинийг Беларусь, Казахстан, Армян, Азербайжан, Кыргызстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан, Куба, Вьетнам, Монгол, БНАСАУ-ын баатар цолоор шагнуулахыг хүсэж байгаа гэнэ. Владимир Кучеренко “Хятад, Молдавт улсад баатар цол байдаггүй, төрийн дээд шагнал нь өөр нэртэй юм билээ” хэмээн харамссан байна.