АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни тэргүүлж байна. Нью-Гэмпшир мужид болсон анхан шатны сонгуульд тэрбээр 40 хувь, Техасын конгрессмен Рон Пол 23, Юта мужийн захирагч асан Жон Хантсмэн 17 хувийн санал тус тус авсан байна. Айова мужид болсон анхан шатны сонгуульд Митт Ромни мөн ялалт байгуулсан билээ. Нью-Гэмпшир мужид болсон сонгуульд Бүгд найрамдах намын 250 мянган гишүүн саналаа өгчээ. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн хүмүүс эхлээд муж бүрт болох анхан шатны сонгуульд оролцоно. Дээрх санал хураалтад хамгийн олон санал авсан хүнийг ирэх наймдугаар сард болох намын их хурлаар хэлэлцэн, нэр дэвшигчээр батлах юм. Бүгд найрамдахчуудын дараагийн сунгаа энэ сарын 21-нд Өмнөд Каролинад болно.