“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус чуулга уулзалтыг УИХ, АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж, Хүндэт зочдоор “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Парламентийн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй 11 улсын 60 гаруй төлөөлөгч оролцоно.
Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус чуулга уулзалтад олон талт түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарах юм. Энэ хүрээнд бүх талыг хамруулсан нийгмийг хөгжүүлэх асуудлаар эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, язгуур болоод соёлын түүх, НҮБ-ын судалгааг танилцуулж, мэдлэг туршлагаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.