Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдүгээ парламентаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд нам, эвсэл нь парламентад 12-оос дээш төлөөлөлтэй болсон нөхцөлд бүлэг байгуулах эрхтэй байхаар тусгажээ. Энэ нь шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүний 10 хувьтай тэнцэж буй юм. Одоогийн 76 гишүүнтэй УИХ-д нам, эвсэл найман гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй байв. Энэ нь нийт гишүүний зургаан хувь гэсэн үг. Тэгвэл Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа цөөнхийн бүлэг байгуулах босгыг дөрвөн хувиар нэмж, өндөрсгөж буй байх нь.
Олон улсад нам, эвсэл тухайн парламентын гишүүдийн 2-5 хувьтай тэнцэх тооны төлөөлөлтэй болбол бүлэг байгуулах эрхтэй байдаг аж. ХҮН намын дарга Т.Доржханд үүнийг шүүмжлээд “Германд бүлэг байгуулах босгыг нийт гишүүний тав, Францад 1.6, Швейцарт хоёр хувиар тогтоосон байдаг” хэмээн бичжээ. Мөн улс төр судлаач Н.Энхцэцэг “Парламентын үйл ажиллагаанд өндөр босго тавьж, цөөнх, сөрөг хүчний оролцоог хаах нь сайн зүйл биш. Сул сөрөг хүчинтэй парламент ардчилсан байж чаддаг уу, үгүй юү гэдгийг өнгөрсөн хэдэн жилд хангалттай харлаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байв.
Түүнчлэн дээрх төсөлд парламентад төлөөлөлтэй болсны дараа тухайн нам, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцно гэжээ. Эвсэлд багтсан аль нэг нам нь 12-оос дээш гишүүнтэй бол тэд нь нэгдэн дахин бүлэг байгуулах боломжтой. Харин ийм тоонд хүрэхгүй бол өөр бүлэгт нэгдэх эрхгүй хэмээн тусгажээ.