Израилийн хууль сахиулагчид тус улсад томоохон халдлага үйлдэхээр зэхэж байсан дөрвөн палестинийг саатуулжээ. Иордан голын баруун эргээс хойд зүгт орших хилийн дамжин өнгөрөх цэгт тэднийг саатуулсан аж. Халдлага үйлдэхээр зэхэж байсан хүмүүс биедээ 12 тэсрэх бөмбөг, хутга, буу зэргийг авч явжээ.
“Хил нэвтрэхийг завдсан дөрвөн хүний нэгийнх нь цамцан дороос цахилгааны утас сөрдийж харагдсан. Тэднийг нарийвчлан шалгахад биедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн байсныг илрүүллээ” хэмээн хилийн харуул хамгаалалтынхан мэдэгджээ.
Дашрамд өгүүлэхэд, Израиль улс энэ онд цэргийн салбарт зарцуулах төсвөө зургаан хувиар буюу 780 сая ам.доллараар нэмэгдүүлж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдсэн байна. “Манай улсын эргэн тойронд болж буй үйл явдлаас харахад цэргийн салбарт зарцуулж буй хөрөнгөө багасгах нь уучилж болшгүй алдаа болж мэдэхээр байна. Харин бусад салбарын төсвийг танана” хэмээн тэрбээр онцлов.
Х.ОД