-Устөрөгчөөс эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр Монгол Улсад ямар ажил хийж байна вэ?
-Энэ талаар тодорхой мэдэхгүй юм.
-Би интернэтээс мэдээлэл хайгаад олоогүй.
-Та эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүс, судлаачдаас асууж үзсэн үү. Ямартай ч сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр цөөнгүйг хэрэгжүүлдэг.
-Хүмүүсээс асуугаад ч мэдэж чадаагүй учраас та бүхнээс лавлалаа. Өвөр Монголд л энэ чиглэлээр нэлээд томоохон ажлууд хийж байгаа сурагтай...
Токио хотын төвд байрлах “Suiso-miru” устөрөгчийн музейн тайлбарлагч болон монгол залуусын дунд ийм нэг товчхон яриа өрнөсөн юм. Өдгөө эрчим хүчнийхээ 75 хувийг нүүрс, нефть зэргээс гарган авч буй Япон Улс 2050 он гэхэд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг ногоон устөрөгчөөс хангах зорилт дэвшүүлжээ.
Тиймээс эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр гээд олон салбарт устөрөгчийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой туршилт, судалгааг идэвхтэй, эрчимтэй хийж байна. Устөрөгчөөр хэрэглээг нь шийдсэн “Harumi flag” хэмээх хотхоныг ирэх онд ашиглалтад оруулахаар инженер, мэргэжилтнүүд нь зогсоо чөлөөгүй ажиллаж байгааг музейн тайлбарлагч бүсгүй хэлсэн юм. Устөрөгчийн үнэ цэн, ач холбогдлыг нийгэмд таниулах зорилгоор тусгай музей байгуулаад найман жилийн нүүр үзжээ. Улс нь ийнхүү устөрөгчөөр “амьсгалж”, дээр, дооргүй анхаарч буй тул тэрбэээр Монголд энэ чиглэлээр ямар ажил өрнөж байгааг сониучирхсан хэрэг. Даанч түүний анхаарлыг татаж, чихийг нь дэлдийлгэх сонин сайхан монгол залууст байсангүй. “Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа” гэхээс өөр дорвитой хариулт өгч чадаагүй юм даг.
Музейн тайлбарлагч бүсгүйн жишээ болгон дурдсан, Өвөр Монгол дахь томоохон ажил нь 100 мянган тонн ногоон устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай станцын төсөл аж. Энэ нь нар, салхины станцаас гаргасан цахилгааныг ашиглан усыг электролизийн аргаар задалж, устөрөгч болон хүчилтөрөгч гаргаж авдгаараа онцлог гэнэ. Тодруулбал, нар, салхинаас гаргаж авсан цахилгааныхаа 80 хувийг устөрөгч үйлдвэрлэхэд зарцуулж, үлдсэн нөөцийг нь нэгдсэн сүлжээнд нийлүүлэх горимоор ажилладаг юм байна. Устөрөгч үйлдвэрлэхийн тулд цахилгаан хангамж тогтвортой байх ёстой. Тиймээс эл байгууламжийг нэгдсэн сүлжээнд холбох, шугам, дэд станц байгуулах ажилд багагүй хөрөнгө зарцуулжээ. Устөрөгчтэй холбоотой дэлхийн хамгийн том төсөл, үр дүнтэй ажил гэж үнэлэгдэх болсон нь ч үүнтэй холбоотой гэх. Түүнчлэн өмнөд хөршийн Шаньси мужийн улс төр, эдийн засаг, соёл, олон улсын солилцооны төв гэгддэг Тайюань нүүрстөрөгчөөс устөрөгчийн хэрэглээнд шилжсэн ногоон хот болох зорилт дэвшүүлж, томоохон хэмжээний туршилтын бүс хүртэл байгуулаад буй аж.
Дэлхийн дулаарлыг өдөөгч гол бодис болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэгдмэл зорилгын төлөө хүч нэгтгэн зүтгэж буй улс орнууд нүүрс, нефтиэс татгалзаж, сэргээгдэх, ногоон эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд ийм их хүчин чармайлт гаргаж, амбицтай ажиллаж байна. Ялангуяа хүн ам олонтой, үүнийгээ дагасан хэрэглээ өндөр, байгалийн нөөц хязгаарлагдмал, экологид учруулах хор хохирол үлэмж их орнууд бусдаас илүү хичээл зүтгэл гаргаж байгааг Хятад, Японоос харж болно. Тэд устөрөгчийг хүн төрөлхтний хязгааргүй хэрэглээг хангах, бай галийн нөөцийг хэмнэх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах гол итгэл найдвар, гүүр хэмээн үнэлсээр. Эрчим хүчний салбарыг нөөцийн хомсдолоос аврах гарц шийдэл гэж итгэл хүлээлгэсээр буй. Үйлдвэрлэх үйлдвэрлэхдээ цэвэр буюу ногоон устөрөгч гаргаж авахыг эрмэлзэх болов. Устөрөгчийг электролизийн аргаар гарган авахдаа уламжлалт технологиор үйлдвэрлэсэн цахилгаан хэрэглэсэн бол хөх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашигласан тохиолдолд ногоон гэж тодотгодог. Өвөр Монголд ашиглалтад оруулсан устөрөгчийн станц нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр их хэмжээний цэвэр нөөц үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм. Тэгвэл Монголд юу хийж байна вэ?
Музейн тайлбарлагчийн асуултыг албаныханд тавиад ч дорвитой хариулт авч чадсангүй. Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдорж “Манай улсад энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сул талаа нөхөх нөөц боломж бий ч яг одоо бодитой хийж байгаа ажил алга. Судалсаар л байна. Гэхдээ бодлогын түвшинд анхаарч байгаа” гэсэн юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилт технологид суурилсан эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд улс бодлогоор анхаарч байгаа, үүнд тусгасан хөгжлийн төслүүдийн дунд ногоон устөрөгчийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой ажил багтсаныг тэрбээр онцолсон.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр хүрэн нүүрснээс устөрөгч гаргаж авах туршилтын төсөлд оролцох, нүүрсний ордуудад түшиглэн устөрөгчийн цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтрах боломжийн талаар санал солилцож байсныг ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийнхэн хэлэв. Гэвч энэ ажил мөн л судалгааны шатандаа царцжээ. Үндсэндээ устөрөгч үйлдвэрлэх, эргэлтэд оруулах талаар төр засгаас шийдвэртэй, тууштай хэрэгжүүлж буй ажил өнөөдрийн байдлаар лав алга бололтой. Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрчим хүчний салбарын судлаач, мэргэжилтнүүд устөрөгчийг ашиглах боломжуудыг нээх, нийгэмд таниулах, төрд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр идэвх санаачилгатай ажилласаар иржээ.
“Ирээдүйн эрчим хүч-Монголын устөрөгчийн холбоо” төрийн бус байгууллагынхан гэхэд “Gobi H2” төсөл хэрэгжүүлж, БНХАУ-д устөрөгч нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” төвтэй энэ чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан аж. Түүнчлэн ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн энергийн аюулгүй байдлын яам, Шинэ уур амьсгалын институт, “Фраунхофер” нийгэмлэгийн судлаачид “Зүүн өмнөд, Зүүн Европ, Өмнөд Кавказ болон Төв Азийн орнуудын уур амьсгалын бодлогын чадавхыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд гурван жилийн өмнө манай улсад устөрөгчийн судалгаа хийж, бидэнд ямар технологийн боломж, сонголтууд байгааг “хэлж өгч” байжээ. Гол дүгнэлтээс нь хэсэгчлэн танилцуулбал, “2020 оны байдлаар Монгол Улсад ногоон устөрөгчийн кг тутмыг нь 3.3-4.7 ам.доллароор үйлдвэрлэх, улмаар 2030 онд 2.8-2.9 ам.долларт хүргэж бууруулах боломжтой. Дэлхийн зах зээлд устөрөгчийн дундаж үнэ 4.8 ам.доллар буй нь Монголд харьцангуй хямдаар үйлдвэрлэх боломжтойг харуулж байна. Энэхүү тааламжтай нөхцөлд ногоон устөрөгчийн технологийг хөгжүүлэх өндөр чадамж бий. Сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй, хүнд үйлдвэрлэл, машин механизм, тээврийн салбарыг эрчим хүчээр хангахад техникийн хүнд сорилттой тулж байгаагийн хувьд эдгээрийг шийдэх боломжит хувилбар нь сэргээгдэх эрчим хүч болон ногоон устөрөгч юм” гэжээ. Түүнчлэн уул уурхайн салбар, Улаанбаатар хотын нийтийн тээвэр, төвлөрсөн бус халаалтын системд ногоон устөрөгчийг нэвтрүүлэн ашиглах нь манай улсад олон талаар өгөөжтэйг дурдсан байна. Мөн Австралид ногоон устөрөгчийн үйлдвэр байгуулах ажилд гар бие оролцсон Б.Тунгалагтамир хэмээх судлаач Монгол Улс гадагшаа урсгалтай гол, мөрнүүдийнхээ 0.001 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцөөр ногоон устөрөгч үйлдвэрлэж, дотоодын эрчим хүч, дулааны хэрэгцээгээ хангаад зогсохгүй нэг литрийг нь багадаа гурван ам.доллароор экспортлох боломжтой гэсэн тооцоо, судалгаа хийж, олон нийтэд танилцуулж байж. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин ч өнгөрсөн жил манай сонинд эрчим хүчний шилжилтийн талаар ярилцлага өгөхдөө “Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц нар, салхины эрчим хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ухаалгаар ашиглаж чадвал Хятад зэрэг хөрш орнууддаа эрчим хүч экспортолж, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоотой” хэмээн дурдаж байсан юм. Эдгээр судлаач, мэргэжилтэн бидэнд ямар их боломж, таатай өгөгдөл буйг сануулж байна. Гагцхүү үүнийгээ ашиглах л хэрэгтэй аж.
Дэлхий нийт цэвэр, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч, энэ салбарт шилжилт, шинэчлэлийн үйл явц тасралтгүй өрнөж байна. Биднийг эрчим хүчний хараат байдлаас хэрхэн ангижрах, системийн чадлын дутагдлаа яаж нөхөх вэ хэмээн дороо эргэцэж зогсох зуур улс орнууд устөрөгч үйлдвэрлэх станц, тэдгээрийг зөөвөрлөх хоолойгоо бариад эхэллээ. Импортын эрчим хүчнээс хэт их хамааралтай манай орны хувьд дэлхий нийтийн жишгээр сэргээгдэх болон устөрөгчийн эрчим хүчний “түншлэл”-д нэгдэж, байгалиас заяасан арвин их нөөцөөрөө хэрэглээгээ хангах нь эдийн засаг, экологийн хувьд хэмжээлшгүй ач холбогдолтой билээ.
Бэлтгэсэн Н.Мишээл