Шат шатны сонгуульд хараат бус, иргэний нийгмийн байгууллагын ажиглагч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас аль нэг нам, эвслээс хараат бусаар ажиллаж, сонгуулийн үйл явцыг ажиглах залуусыг сургалтад хамруулж, ардчиллын талаарх ойлголт, мэдлэг олгодог юм байна. Мөн нэг хэсгийн хороонд өдөр, оройн ээлжээр ажиглагч ажиллуулахад 270 мянган төгрөгийн зардал гарах тооцоог тус ТББ-ынхан хийжээ. Тиймээс энэ бүхэнд зориулж хараат бус ажиглагчдыг дэмжих хандивын аян зарласан аж. Хандив цуглуулах зорилгоор жазз хөгжмийн тоглолт, мерч бүтээгдэхүүн зэргийг ч мөн борлуулж буй гэнэ.
Манай улсад 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа иргэний нийгмийн 200 гаруй ажиглагч ажилласан юм билээ. Үүнээс хойш ажиглагчдыг тогтмол бэлтгэж, туршлага, мэдлэг олгох сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. 2021 онд хараат бус ажиглагчид АНУ, Япон, БНСУ-ын сонгуульд ажиллан, туршлага хуримтлуулсан байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 67.1-т заасны дагуу сонгуульд оролцож буй нам, эвсэл, эвсэл, бие даан нэр дэвшигч болон СЕХ-нд бүртгүүлсэн төрийн бус байгууллагаас нэг санал авах байранд хоёр хүртэл ажиглагч томилж ажиллуулах эрхтэй юм. Гэхдээ энэ тухай хүсэлтээ СЕХ-нд бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлэх учиртай аж.