Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож, Соёлын гавьяат зүтгэлсэн, сэтгүүлч Б.Ганчимэгт өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар, авлигажсан тогтолцоо үүсэхэд хүрсэн хөшигний арын үйл явцаас ч ярив. Уг ярилцлагаас онцлох эшлэлүүдийг нь тоймлон хүргэж байна.
•“Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн жил Ерөнхий сайдаар томилогдсоноо түүхэн хариуцлага гэж хүлээж авсан. Ерөнхий сайд болсныхоо дараа цар тахлыг даван туулж, иргэдээ вакцинд хамруулах, эдийн засгаа тэлэх тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, улмаар авлигатай тэмцэх, цахим засаглалыг сайжруулж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилт тавьсан.
•2021 оны нэгдүгээр сарын 27-нд цар тахлын үед Ерөнхий сайд болсон. Тиймээс ДЭМБ-аас санал болгосон вакцинд иргэдээ хамруулах ажлыг Засгийн газрын 100 хоногт багтаан зохион байгуулахаар зорьсон юм. Вакцин оруулж ирэхийн тулд албан бус лобби хийж ажилла, бүх аргаа хэрэглэ гэж үүрэг болгосон. Хуваарийн дагуу Монгол Улсад арваннэгдүгээр сараас л вакцин оруулж ирэх боломжтой байлаа. Тиймээс бид угтаж ажиллах стратеги баримталсан нь хүн амынхаа 60-аас дээш хувийг вакцинжуулах байв. Хоёрдугаар сарын 23-нд эхний вакцинаа авчирч, би түрүүлж эхний тунг хийлгэсэн. Тэгэхэд эдийн засаг -4.7 хувьтай болж, 1990-ээд оны эхний үетэй дүйцэж байсан шүү дээ. Ахин хөл хорио тогтоовол олон хүн ажилгүй, орлогогүй болно. Вакцин авчирч, иргэдээ хамруулж байж л эдийн засгаа нээх боломжтой байсан. Манай иргэд Засгийн газрын шийдвэрийг хатуу дагасан, хамтарч ажилласан. Бараг зургаан сар үргэлжилсэн хатуу хөл хориог давсан. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн учраас бид хориог цуцалж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Дараа нь ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлахдаа “Хүн амаа богино хугацаанд өндөр тунгаар вакцинжуулснаар учирч болох эрсдэлийг 20 хувиар бууруулж чаджээ” гэж дүгнэсэн. Дэлхийд хүн амын нас баралт нэг хувь байсан бол Монгол Улс 0.2-тай давсан.
•Авлигын эсрэг тэмцэлд Төрийн ордон дотор хүч мөхөствөл олон нийтээсээ дэмжлэг авч ажиллахаа мэдэгдсэн. Өнөөдөр нийгэм авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсон байна. Үүн шиг үр дүн үгүй шүү дээ. Өнгөрсөн хугацааны асуудлын гол шалтгаан нь авлига байсныг иргэд олж харсан. Эдийн засаг 6.8 хувьд хүрч өсөн, ДНБ-ий хэмжээ 36 их наядаас 74 рүү орж байна. Үүнд далд эдийн засгийг ил гаргаж, цахим засаглалтай болсон нь нөлөөлсөн.
•Авлигын тогтолцоо нураагүй, нурах тал руугаа явж байна. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлал хийсэн, лиценз олгосон, газар өмчлүүлсэн нь зөв. Гэвч арга нь буруу байжээ. Өнгөрсөн 30 жилийн тогтолцоог нураахгүй бол миний буруу болоод үлдэнэ. Нийгмийг бухимдуулж, өөрийгөө ч эрсдэлд оруулсны үр дүн гарахгүй. 30 жилийн дараа гудамжаар чулуу шидүүлэхгүй алхах эрх чөлөөний төлөө би тэмцэж байгаа юм. Гэхдээ 30 жилд бий болсон систем 3-4 жилд унахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо бол миний ажлын үр дүнг бүтэн үнэлэх цаг үе нь биш.
•“Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрч л системийн авлига эхэлсэн. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 1998 оны долоодугаар сарын 24-нд огцруулсны дараа онцгой дэглэм тогтоосон. Уг үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулан, Д.Дорлигжавыг томилж, Да.Ганболдыг Ерөнхий сайд болгохоор шахаж эхэлсэн. 1998 оны аравдугаар сарын 2-ны өглөө фракцын лидерүүд уулзаж, С.Зоригийг Ерөнхий сайд болгох албан бус шийдвэрээ гаргасан юм билээ. Гэвч энэ өдрийн орой С.Зориг улс төрч бусдын гарт амиа алдсан. С.Зориг агсны хэлж байсан үг, үйлдэл, УИХ, Засгийн газрын хуралдааны протоколын тэмдэглэлээс системийн авлигатай тэмцэнэ гэдэг нь харагдаж байсан.
•Энэ хэрэг дээр ажиллаж байсан зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав, хэн хэн томилогдов, хэн хэн халагдав. Энэ бол тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. 1998 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн, гэвч чадалгүй огцорсон. Яг энэ системийг 2009 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа дахин угсарч, 1998 онд чадаагүйгээ хийсэн. 2012 онд МАН-ыг дундуур нь хувааж, шүүхээс МАХН нэрийн товчлолыг олгосон. Тэр шүүгчид бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь болон С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс. Ерөнхий прокурор нь Д.Дорлигжав болж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа томилогдсон шүүгчид болон Б.Хурц нар энэ системийг угсарсан. Энэ бүлэглэл ингэж хоёр намын системийг бүхэлд нь мөнхөд хяналтдаа авахыг хүссэн.
•“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шүүх дээр долоон жил гацаж байна. Энэ асуудал бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад Ч.Сайханбилэгийг гаргаж ирэх үед хийсэн тохироо. Ер нь шүүх дээр авлигатай, тэр дундаа Ц.Элбэгдоржтой холбоотой хэргүүд яагаад гацдаг вэ. Учир нь шүүгчид солигдоогүй байгаа юм. Энэ бүлэглэл, энэ мөнгөний систем хүчтэй хэвээр учраас авлигатай хийх тэмцэл амаргүй байна. Тэд яг ингэж цаг хожсоор ирсэн, одоо ч тэгж цаг хожихыг хүсэж буй.
•Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, аль аль намын лидерүүд бодитоор яриасай гэж хүсэж байгаа. Би худлаа ярихгүй. Хэзээ ч баримтгүй зүйл ярьж байгаагүй. Тэр үед Их тэнгэрт болсон уулзалтаар АН сонгуульд ялах, МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулах, улмаар Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой асуудлыг босгож, хувааж авах схемийг зурсан. Н.Алтанхуяг үүн дээрээ зөрчилдсөн учраас Засгийн газрыг нь огцруулсан.
•Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахиа сонгогдохын тулд МАН-ын саналыг хувааж, сонгуульд МАХН-аас Н.Удвалыг нэр дэвшүүлэх нууц төлөвлөгөөтэй байсан. Миний яриад байгаа албан бус МАНАН систем гэж энэ. Шүүх дээр болон улс төрийн намуудад нөлөөтэй, ямар хэмжээний хүчтэй систем бэ гэдэг нь эндээс харагдаж байна.
•Хуулийн байгууллагынхан нь хоорондоо крантны ус гоожуулж байж ярьдаг хэмжээнд оччихсон байсан шүү дээ. Сонгууль бүрийн өмнө хэдэн бичлэг задардаг байлаа. Одоо тийм бичлэг үгүй, гүйцэтгэх ажиллагаа Монгол Улсын нутагт явахгүй байгаадаа биш. Хуулийн байгууллагад тийм даалгавар өгдөг хүн үгүй учраас л сонгуулийн үе хэдий ч элдэв бичлэг гарахгүй байгаа юм.
•Манай нам дотор байгаа дам тоглосон хүн бол М.Энхболд дарга, дунд нь буй зуучлагч нь Т.Бадамжунай. Улаанбаатарт стандартын дагуу зөвшөөрлөө авч барьсан барилга ховор. Авлигаа өгч барьчхаад дараа нь зөвшөөрлөө авдаг. Энэ бүхнийг засах л хэрэгтэй болоод байна. Дүгнэлт хийхийн тулд өмнө нь юу болсныг нээж гаргахаас аргагүй.
•2022 оны хоёрдугаар сарын эхээр ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Танай Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ өндөр, экспорт хүнд байна. Уг банкны дампуурлыг зарлах нөхцөл үүслээ гэж сануулсан. Монгол Улс үүнд зохицуулалт хийх чадваргүйгээ зарлаж, ОУВС-гийн хөтөлбөрт орно гэсэн үг. Тиймээс тэр үеэс чанаргүй зээлийн асуудлыг нийгмийн анхааралд оруулж, шахалт үзүүлье гэж шийдсэн. Шууд хуулийн байгууллагад хэргийг нь шилжүүлэх тогтоол гаргасан. Зээл аваад төлөөгүй компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд бий учир Засгийн газар дангаараа асуудлыг гаргаж тавиад дийлэхгүй. Хэвлэл мэдээлэл, олон нийт дэмжиж, Засгийн газар хүчтэй шахсаны үр дүнд Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр хоёр бондын өрийг төлсөн. Ингээд дефолтын эрсдэлээс гарснаа олон улсад мэдэгдсэн юм.
•Хотын утаа, түгжрэл, газрын асуудал бол системийн авлигын шинж тэмдэг. Нийтийн тээврийн худалдан авах ажил яагаад үргэлж шууд гэрээгээр явдаг байсан бэ. Яагаад Засгийн газар нь хотын асуудал руугаа орж байсангүй вэ. Ерөнхий сайд, хотын дарга хоёр нь өөр фракцын хүмүүс байж хүчний харьцаагаа тэнцвэржүүлдэг. Нэг баг болж ажиллахад дутагдалтай. 2001 он хүртэл газрын асуудлаар БХБЯ-ны Геодез, зураг зүйн газар дүгнэлт гаргадаг байсан. Уг газрыг яамтай нь хамт хотын фракц авснаар Засгийн газар хот төлөвлөлтийн өмнө хүчин мөхөстсөн байдаг. Яваандаа хотын фракц нь Засгийн газар болж хувирсан.
•Хотын суурь асуудал системийн авлигатай холбоотой. Үүнийг шийдэж чадах хүн нь Х.Нямбаатар гэж үзсэн. Засгийн газрын дэмжлэгтэйгээр суурь асуудлыг нь шийднэ. Төрийн ордныг тойрсон 48 га газарт голлох том институцууд, бүх агентлаг, их сургууль байна. Энэ бол эрх мэдлийн түгжрэл. Үүнийг бүсчилж байж задлах юм. Ингэснээр авлига, түгжрэлийг арилгаж, төрд төвлөрсөн эрх мэдлийг анхан шатанд хуваана. Анхан шатанд төрийн үйлчилгээ хүртээмжтэй болно. Үүнийг л бүсчлэл гээд байгаа юм. Нийслэлийг 42 дүүрэгт хуваана, 48 га доторх төрийн эрх мэдлийг задална.
•Мажоритар тогтолцоо эрх баригч намд ашигтай. Гэвч төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд холимог тогтолцоог сонгосон. Ямар ч үнээр хамаагүй АН-ыг хуваагдуулахгүй байлгах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой гэж боддог. Манай парламентын түүхэнд АН бол хэзээ ч үгүйсгэж болохгүй институц учраас энэ нам цаг үеийн хүндрэлийг давж гарах ёстой.
•Нийгэмд хялбар ойлголт өгөх аргыг бодож, “5Ш” хөтөлбөрийг санаачилсан. Улмаар хуулийн цогц реформыг УИХ-д өргөн барьсан. Төрийн байгууллагын үйл ажиллагааг шилэн болгоё гэсэн. Үүнээс Боловсролын зээлийн сангийн асуудал гарч ирсэн.
•Далд эдийн засгийг өөрчлөхөөс аргагүй. “Нүүрсний хулгай” бол Хөгжлийн банкны хэрэгтэй адил асуудал. Ерөнхий зарчим дээр нь Засгийн газар улс төрийн манлайлал үзүүлж буй. Хариуцлага тооцох нь шүүхийн ажил.