Нам, эвслүүд энэ сарын 25-нд багтаан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, хянуулах ёстой. Тиймээс үүнээс өмнө намууд мөрийн хөтөлбөртөө иргэд болон гишүүд, дэмжигчдээсээ санал авсан билээ. МАН-ынхан өнөөдрийг дуустал “Enam” аппликэйшн, цахим шуудан болон вэб сайтаараа дамжуулан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг авч буй юм. Харин АН-ынхан “Бүрэн ардчилал” хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулсан. Тэгвэл удахгүй эдгээр нам удирдах байгууллагынхаа хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, эцэслэн батлах нь. МАН-ын Бага хурлыг энэ сарын 22-23-нд товлосон бол АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) ирэх ням гарагт хуралдах гэнэ. Мөн намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаа хэлэлцэх аж.
АН-ынхан ҮБХ-ны хурлаараа эдгээрээс гадна намын генсекийн томилгоогоо хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон ҮБХ-ныхоо хурлаар тэд ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй, түр завсарласан юм. Улмаар арваннэгдүгээр сард Э.Одбаяр хэмээх залууг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл эцэслэлгүй орхисон уг асуудлаа тус намынхан долоон сарын дараа ийнхүү шийдэх гэж байна. Ингэхдээ түүнийг жинхлэх, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, генсекээ өөрчилж ч мэдэх нь.