УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ тэнд багтах хүн Соёлын сайдаар ажиллаж буй Чинбатын Номин мөн үү. Тэрбээр сайд болоод удаагүй байхдаа Төрийн ордонд хууль тогтоогчид болон Засгийн газрын гишүүдэд төмс тараахаас ажлаа эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хувийнхаа компанийн төмсийг төрийн өндөр албан тушаалтнуудад бэлэглэсэн нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг Ч.Номин тэр үедээ ухамсарлах ёстой байв. Тэрбээр тангараг өргөхөөсөө эхлээд “мордохын хазгай” гэгч болсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Тангараг өргөчхөөд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхдээ эвээ олоогүй тэрбээр Монгол Улсын соёлын салбарыг удирдах учраа олохгүй явсаар бүрэн эрхээ дуусгах нь. Төрийн өмчит театрын уран бүтээлчид нь олигтойхон цалин, хангамжгүй, урлаг соёлын сүм болсон байгууламжууд нь урсгал засвараа арайхийн гүйцэтгэж, шинэ байртай болохоо хүлээсээр олон жилийг үдэж байхад салбар удирдаж буй сайд нь ухаалаг менежмент хийж чадсангүй. Харин бурхны хөшөө барихад төсвийн хөрөнгө зарцуулахаар шийдвэрлүүлсэн нь шүүмжлэлд өртсөн. Ард түмэндээ урлаг соёлоор үйлчлэх үүрэгтэй уран бүтээлчид маш бага цалин авч буй учраас ажил хаяхаа зарлан, жагсаж, цуглаж байсан нь ч сайд тэдний нийгмийн асуудлыг анхаарахгүй, салбараа удирдаж чадахгүй байгаагийн илрэл.
Англид эдийн засагч, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн түүний хийсэн, хийж буй томилгоонууд ч нүдээ олохгүй байгааг удирдлага доорх байгууллагынхан нь илчлэх болсон. ДБЭТ-ын захирлаар Уран зургийн галерейн даргаар ажилладаг нэгнийг томилсон нь шүүмжлэл дагуулж байв. Хамгийн сүүлд л гэхэд Монголын үндэсний музейнхэн Соёлын сайд Ч.Номингийн томилгоог эсэргүүцсэн юм. Тэд “2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд Музейн судлал, мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог тус музейн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэвч 2024 оны хоёрдугаар сарын 19-нд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг үндсэн ажлынх нь зэрэгцээ Монголын үндэсний музейн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч болголоо. Энэ нь хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл. Тиймээс манай байгууллага, хамт олон Соёлын сайд Ч.Номингийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт хүргүүлсэн. Соёлын сайд Ч.Номин гурван сар гаруйн хугацаанд, арав гаруй удаа хүсэлт тавиад байхад харьяа байгууллагынхаа даргатай буюу захирлын албыг орлож буй хүнтэй нэг ч удаа уулзаагүй. Мөн Үндэсний музейн бүх ажилтны санал хүсэлтийг илтэд үл тоомсорлож байна” хэмээн мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй Ч.Номин сайдын тушаалаар нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүн нь өнөөдөр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр яллагдагч, шүүгдэгч болчхоод байгаа. Соёлын тухай хуулийн 21.1.6-д Соёлын сайд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын оновчтой тогтолцоо, бүтцийг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах” эрхтэй байхаар хуульчилсан. Авлигатай тэмцэж, 5Ш ажиллагаа хэрэгжүүлж буй Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин тушаалаа эргэж харахгүй, “Шүүр”-т өртөх ёстой хүнээ ажиллуулсаар.
Соёлын сайд Ч.Номин ч өөрөө “Шүүр”-дүүлэх ёстой нэгэн. Түүний аав “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн нутагт иргэд, малчдыг “Ланд круйзер-200” автомашинаараа дайрч хөнөөхийг завдсан, иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж байсныг уншигчид мартаагүй. Уг жийп нь Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй байсан юм. Тиймээс Соёлын сайд Ч.Номинг “Шүүр”-дэх гол үндэслэл бол аавынхаа унаж яваад хүн дайрахыг завдсан 1559 УБЦ дугаартай “Ланд круйзер-200”-г ХАСХОМ-тээ үнэн зөвөөр мэдүүлээгүй явдал. Анх сайдаар томилогдохдоо ч, 2023 оны тавдугаар сарын 31-нд олон нийтэд зарласан 2022 оны мэдүүлэгтээ ч уг машиныг бүртгүүлээгүй нь Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тэрбээр сайд болохдоо бүртгүүлсэн ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Тоёота Ланд круйзер-80” нэгийг эзэмшдэг хэмээсэн байгаа. Харин аавынх нь жолоодож явсан “Тоёота Ланд круйзер-200” нь Ч.Номингийн нэр дээр холбогдох байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй. Тэгвэл 2022 оны ХАСХОМ-т “Жийп болон туулах чадвар өндөр “Ниссан патрол”-1, “Мерседес бенз G 55 AMG”-1, суудлын жижиг машин “Porsche cayenne”-1, “Тоёота алпард-1”, туулах чадвар өндөр “Тоёота ланд круйзер-80” нэг ширхэг гэж бүртгүүлсэн. Үүнээс үзэхэд, ХАСХОМ-ээ үнэн зөвөөр мэдүүлэх ёстой албан тушаалтан Соёлын сайд Ч.Номин нийтээр дагаж мөрдөх хуулийг хэрэгжүүлээгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг баримтлаагүй, зөрчсөн ч нүдэн балай, чихэн дүлий байгаа учраас Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шүүр” нь үр дүнд хүрэхгүй байна гэхэд хилсдэхгүй.
Ч.Номин УИХ-д сонгогдохын тулд ихээхэн мөнгө цацаж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Аавынх нь уугуул нутаг Говь-Алтай аймгийн 100 жилийн ой өнгөрсөн зун болоход “Старлинк”-ийн интернэтийн төхөөрөмжийг гэр бүлийнхээ зүгээс бэлэглэлээ хэмээн шоудаад амжсан. Тус аймагт нэр дэвших сонирхолтой байсан түүний хүслийг томсгосон тойрог “үгүй хийчихсэн” биз. Өдгөө Сонгинохайрханд нэр дэвших магадлалтай хэмээн ойр дотнынх нь хүмүүс ярих юм билээ.
Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд Соёлын сайд Ч.Номингийн албан ёсны хаягаар “П.И.Щелкунчик балет амжилттай тоглогдлоо” хэмээн бичсэн нь шүүмжлэлд өртөөд буй. Үүнээс өмнө мөн л албан ёсны хаягаас “Халхын Сэцэн хан, Түшээт хан аймаг, одоогийн Өвөрхангай аймаг нь..., халх, буриад ястан” гэх мэтээр бичиж байв. Хэдийгээр түүний пэйж хуудсыг сайд өөрөө бус, өөр хэн нэгэн хөтөлдөг ч удаа дараа ийм болчимгүй үг, өгүүлбэртэй зүйл бичиж байгааг эзэн нь болсон эрхэм хянах учиртай. Чадамжгүй сайдгэж шүүмжлүүлж буй элэмэгтэйг Монголын төрийн хууль тогтоох дээд байгууллагад ард түмэн өөрсдийгөө төлөөлөн илгээх ёсгүй билээ.