Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
ХЭҮК-оос дээрх хоёр илтгэлтэй холбогдуулж УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтэд хангалттай үнэлгээ өгч буй бололтой. 21 дэх илтгэлд “Ковид-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш байдал, хүүхэд хамгаалал, цэргийн албан дахь дүрмийн бус харилцааны эрх зүйн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлыг авч үзсэн аж. Үүний хүрээнд унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчилж, 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг баталсан байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгажээ. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хурдан морины уралдааны болон сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхээр тусгасан.
Түүнчлэн цэргийн алба хаахаар явсан залуус амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирдог, тэнд зүй бус дэглэлт, хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар байгааг ХЭҮК дүгнэлтдээ онцолжээ. Үүний дагуу цэргийн нийтлэг дүрмүүдэд бусадтай хүнлэг бусаар харьцаж, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглосон зохицуулалт оруулсан гэнэ. Мөн холбогдох хуульд энэ чиглэлээр ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар ХЭҮК-оос саналаа өгөөд буй юм байна.
22 дахь илтгэлд халдашгүй чөлөөтэй байх эрх, иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрлөх болон хүүхэд, ахмад настны зарим эрхийн зохицуулалт, улс төрийн хүрээн дэх жендерийн эрх тэгш байдлын талаар тусгайлан оруулжээ. Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбогдуулан сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарим өөрчлөлт оруулснаа дурдсан юм.