УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Б.Чойжилсүрэн хэмээх баян бизнесмен эр улс төрд “хар мөр” дагуулан орж ирсэн нь 2008 он. Учир нь тэрбээр Увс аймгийн сонгогчдод мөнгө тарааж, санал худалдаж авснаар парламентын босгыг давсан юм. Улмаар энэ нь “уламжлал” болов. Бусад намын өрсөлдөгч нь сонгууль бүрийн дараа түүний талаар шүүхэд гомдол гаргаж, үүний дагуу хуулийн байгууллагаас шалгана, гэвч эхний шатанд овоо бурууг нь дэнслээд явж байснаа л дундаас нь замхарчихдаг гэмтэй. 2008, 2012, 2016 онд ч мөнгө тараасан, Сонгуулийн тухай хууль зөрчин санал худалдаж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж байв. Тухайлбал, 2012 оны сонгуулиар түүний шадар туслах, ухуулагч нар хууль тогтоомж зөрчин сонгогчдод бэлэн мөнгө тараасан, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг сурталчилгаанд татан оролцуулсан зөрчил гаргасныг шүүхээс тогтоож, улмаар таван хүнд ял оноосон. Увсын Тариалан, Өмнөговь сумын иргэдэд “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй” хэмээн 100- 150 мянган төгрөг тараасныг шүүх тогтоосон байдаг. Мөнгө тарааж буй тэдний бичлэг ч нийгмийн сүлжээгээр тархаж, олон хүн үзсэн билээ. Тухайн үед эхлээд Б.Чойжилсүрэнгийн мандатыг хүчингүй болгох тухай ярьж, дараа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шүүх хуралдаж байлаа. Гэвч яаж ч чадаагүй. Туслахууд нь түүний мөнгийг өөрт нь хэлэлгүй тарааж, санал худалдаж авч өгсөн бололтой юм. Төгсгөлд нь тэрбээр парламентын гишүүний зөөлөн суудалдаа тухалж, бүрэн эрхээ бүтэн дуусгадаг жишиг тогтсон. Эдүгээ дөрвөн удаа дараалж парламентад сонгогдоод байна. Бүр 2016-2017 онд Сангийн, 2022 оноос хойш Эрчим хүчний сайд хийж яваа. Хууль зөрчөөд л албан тушаал ахиад байдаг “гайхамшиг” зөвхөн Монголын улс төрд л тохиодог.
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Хурд” хэмээх компани түүнийх. Улаанбаатарын төв хэсгийн гайгүй байршилтай олон ч газарт түүний компани орон сууцын хороолол барьсан, барьсаар буй. Түүнтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийг жагсаавал нэлээд урт болно. Б.Чойжилсүрэн гишүүнийг байсхийгээд л хуулийн байгууллагаас нэг шалгадаг аж. 2019 онд М.Зундуйдаваа хэмээх иргэн түүнийг шалгуулахаар АТГ-т хандаж байв. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 4.2 тэрбум төгрөгийн төсөвтэй салбар нэгдсэн конторын барилга барих ажлыг ямар ч тендергүйгээр Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компанид өгсөнтэй холбоотой асуудал байсан гэдэг. Эрх мэдэл, албан тушаалаа ашигласан байж болзошгүй уг хэргийг АТГ шалгаж эхэлсэн ч бас л замхарсан.
Мөн 2023 онд АТГ-аас түүнийг эхнэр Д.Энхгэрэлийнх нь хамт шалгаж эхлэв. Тэд Сүхбаатар дүүрэг дэх “Чингис” зочид буудлын хажууд 2.4 га газрыг 2037 он хүртэл эзэмших зөвшөөрөл авч, “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцын хотхон барьж эхэлсэн юм байна. Үүнээс өмнө Зайсангийн аманд бас л зөвшөөрөлгүй орон сууц барьсан. Ингэхдээ Б.Чойжилсүрэнгийн компанийнхан эдгээр “цементэн ширэнгэн” гэж нэрлэгддэг хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу А зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн нь илэрч, дараа нь үүнийгээ нөхөж авсан гэнэ. Үүний тулд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд их хэмжээний авлига өгсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн нь тэр байжээ. Гэвч одоо энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, шийдээгүй байна. Овоо босгоогүй байхад шаазгай суудаггүй гэдэг. Хууль зөрчөөгүй, мөрөөрөө яваа хүнийг АТГ, хуулийн байгууллага шалгадаггүй. Тэгэхээр түүнд “но” байгаа учраас л шалгаж, хэрэг үүсгэж буй. Харамсалтай нь, хэзээ ч эцэслэн шийдэгддэггүй байх нь. Б.Чойжилсүрэн холбогдсон хуульбусүйлдлүүдээдарагдуулжшийтгэлээс зугтчихдаг гээд хэлчихэд буруудахгүй. Түүний хамаарал бүхий “Хурд авто” хэмээх ОХУ-аас “УАЗ”-ын төрлийн автомашин импортолдог аж ахуйн нэгж нь татвараас зайлсхийж байв. “УАЗ-Фургон” загварын найман суудалтай машиныг 10 болгон тоог нь нэмээд, онцгой албан татвар төлөхөөс зайлсхийснийг нь Сэлэнгэ аймгийн гаалийнхан 2016 онд илрүүлж байсан юм. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга байхад нь хамаарал бүхий аж ахуйн нэгж нь ийнхүү татвараас зайлсхийж, түүнд давуу байдал олгосон Сэлэнгийн гааль, цагдаагийнхныг тухайн үед АТГ-т шалгаж байжээ.
Б.Чойжилсүрэн ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг Автоматикч телемеханикч мэргэжлээр 1993 онд төгссөн юм билээ. Тус хотод бизнесийн анхны гараагаа эхэлж, энэ салбарт хөл тавьжээ. Зовлон, жаргалыг нь мэддэг, амжилттай бизнесмен, мөнгөний “учрыг олно” гэж бодож л Ерөнхий сайд түүнийг Сангийн сайдаар томилсон бололтой. Уг ажлыг тэрбээр жил гаруй хийсэн байдаг. Тэгвэл одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрчим хүчний сайд хийгээд “бужигнуулж” явна. Энэ сайдын үед бид үе үе цахилгааны хязгаарлалт хийлгүүлэн, лаа барьж суух болов. Шатахуун, дизелийн түлш ч байсхийгээд тасалдан сандаргаж байна. Эрчим хүч хүрэлцэхгүй байтал МАН үнэмлэхүй олонх болсон найман жилдээ нэг ч эх үүсвэр нэмж барьсангүй. Салбар хариуцсан сайд нь хойд хөршийнхөө эвийг олоод, цахилгаан, шатахуунаа тасалдуулахгүй “зөөчихөж” ч барахгүй явна. Улмаар улсаараа 1990-ээд оны эхэн үе рүүгээ буцчих гээд эвгүйхэн амьдарч буй. Гэтэл нөгөө талд Б.Чойжилсүрэн “цүнх баригч”-даа эрчим хүчний салбарын гол албан тушаалд томилон “бялуу” хувааж явна. Тухайлбал, түүний сонгуулийн багт ажилласан, аймгийн заан цолтой П.Баттулга гэдэг бөхийг шаардлага хангахгүй байхад нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлаар томилжээ. Ийм байхад энэ хүнийг сайдын ажлыг сайн хийж байна гэж хэлэх хэцүү.
Гэвч халаасанд нь багтчихсан МАН-ын удирдлага түүнд хариуцлага тооцдоггүй, бас ямар нэгэн албан тушаалд томилохгүй байж чаддаггүй бололтой. Увс аймгийг “өмчлөөд” авчихсан, сонгогчид нь ч мөнгөөр саналаа худалдаад сурчихсан учраас иймэрхүү булхайтай нөхрийг дөрвөнтөө сонгосон байна. Одоо сонгуулийн тойргийг бүсчилж, томруулсан. Говь-Алтай, Увс, Ховд, Завхан нэг тойрог болж, тэндээс 10 хүн парламентад сонгох ёстой. Увсчуудынхаа тархийг угаагаад сурчихсан гишүүн өөр гурван аймгийн сонгогчдын саналыг худалдаж авч барах болов уу. Парламентад сонгогдох замаа анхнаасаа л шударга өрсөлдөөн, мэдлэг чадвараар биш, хэтэвчнийхээ хэмжээгээр засаж ирсэн, засаж ч яваа түүнд бусад гурван аймгийн сонгогч дүнг нь тавина гэж найдна. Ийм аргаар хэдэнтээ сонгогдож, бизнесээ өөд татахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж яваа ёс зүйгүй хүнийг улс төрөөс холдуулах боломж Говь-Алтай, Ховд, Завханыхны гарт байна.