УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Олон ястны өлгий Ховд нутгийнхныг төлөөлж УИХ-д хоёронтоо сонгогдсон Бөхчулууны Пүрэвдорж дахин төрийн түшээ болохоор зүтгэж яваа хүмүүсийн нэг. Төр түшилцэж, түмний итгэлийг хүлээн хууль тогтоолцох хүн бол нэр цэвэр, гишгэсэн мөр нь үлгэр дуурайл үзүүлэх нэгэн байх ёстой санагдана.
Түүний хувьд албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн яллагдагч. Засгийн газраас олон тусгай сангийн үйл ажиллагааг ил болгохоос өмнө Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүний аж ахуйн нэгж Мал хамгаалах сангаас мөнгө авчхаад төлөхгүй “мурьсан” гэсэн мэдээлэл цацагдсаныг хүмүүс санаж буй нь лавтай. Өвөл, хавар малчдын хувьд цаг агаарын хүндрэлээс болж амьжиргаанаасаа салчих гээд байдаг. Ганц энэ жил ч биш, олон өвлийг малчид арайхийж давсаар ирсэн. Тиймээс Засгийн газраас “Өвөл, хаврыг өнтэй давъя” аян зохион байгуулахад Б.Пүрэвдорж мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр “Жинст транс” ХХК их хэмжээний зээл авахад нөлөөлсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаад нэлээд удаж буй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК-ийнхан тус сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. Барилга угсралт, хуурай замаар ачаа тээвэрлэх, фитнес клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг эл компани мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөөгүй гэж байв. Бас “Баруун монгол интернэйшнл” гэх компаниараа дамжуулж махны үйлдвэр барихаар Орон нутгийн хөгжлийн сангаас 350 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй гэдэг.
Энэ үйлдлээс гадна хуучнаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ), одоогийн Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. 2021 онд түүнийг эдгээр үйлдэлд холбогдуулан яллагдагчаар татаж, тогтоолыг нь танилцуулсан ч өдий хүртэл эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Магадгүй УИХ-ын гишүүний бүрэн эрх гээч халхавч доор орсон учраас мөрдөн шалгах ажиллагаа удааширч буй биз.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг, БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүргийг ИХШХЕГ-ын дарга байхдаа Б.Пүрэвдорж ажилтнууддаа өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт орох ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 саяын хохирол учирсан гэх үндэслэлээр шалгаж буй. Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасаар, эцэслэн шийдэгдэхгүй мартагдаад байгаа билээ. Уг нь АТГ-ын мөрдөгч 2021 оны хавар эдгээр үйлдэлтэй нь холбоотойгоор орон нутагт нь очиж, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нь нэгжлэг хийсэн юм даг.
Авлигын дээр дурдсан хэргүүдээс гадна Б.Пүрэвдоржийг ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй гэхэд хэтийдсэн болохгүй биз. Тэрбээр “Ковид”-ын үеийн хөл хориотой байх үед буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны 22.55 цагийн үед Хан-Уул дүүргийн II хорооны нутаг, АПУ компанийн хойд замд “Ниссан тиана” загварын, 63-78 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад иргэн Д.Э-ын эзэмшлийн “Приус-20” загварын автомашиныг мөргөсөн. Улмаар цаашаа явж, явган хүний болон авто замыг тусгаарласан гурван хайс мөргөөд машин нь шатсан билээ. Маш хурдтай “нисэж” буй бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тавьсныг хүмүүс үзсэн ч зарим нь мартсан биз. Түүний унаж яваад осолдож, шатсан автомашин нь Б.Пүрэвдоржийн нэр дээр байгаагүй. 2016 оны зун Улаанбаатарт болсон Ази-Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ-д зориулан “Моннис” компанийнхан “Ниссан тиана” загварын суудлын автомашинууд оруулж ирсэн. Тэдгээрийн нэгийг Б.Пүрэвдорж унаж яваад осолдсон юм. Түүний согтолтын зэргийг шалгахад 1.31 хувьтай гарснаас гадна “Моннис” компани, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, иргэн Д.Э-ын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тэрбээр тухайн үед замын цагдаа нар шалгахаар зогсоох гэхэд үл тоон цаашаа давхиснаас ийнхүү осолдсон байдаг. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргачихаад юу ч болоогүй юм шиг л яваа. Бас дээр нь казинод тоглосон нь зурагтайгаа цацагдсан нь ёс зүйн дүрмээ зөрчсөн үйлдэл.
Эдгээрээс гадна Б.Пүрэвдорж хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө төрд “шахах” гээд амжилт олоогүйдээ уурссан уу, Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын нэгэн даргыг томилохтой холбоотой хэлэлцүүлэг УИХ-ын танхимд өрнөхөд нэлээд дайрч давшилж байсан юм. Ховд аймгийн Зэрэг сум буюу түүний төрсөн нутагт зэвсэгт хүчний ангийн харьяа рот байгуулах шийдвэрийг тухайн үеийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон ЗХЖШ-ын дарга гаргаж, тус ротын байрлах байр нь Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн эзэмшлийн, социализмын үеийн нэгдлийн хөрөнгийг хувьчилж авсан объект байж. Байрлалын хувьд ч, эдийн засгийн үр өгөөж нь ч алдагдалтай байсан тус ротыг удалгүй татан буулгаснаар мань гишүүний “халаасанд” орох мөнгө ч үгүй болсон гэдэг. Төсвийн, татвар төлөгчдийн хөрөнгөөс “шимэгчлэх” боломж нь хумигдсан учраас гишүүн ЗХЖШ-ын удирдах албан тушаалтанд уураа гаргасан биз.
Авлигын эсрэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, төрийн албаныхны ёс зүйн дүрмээ уландаа гишгэсэн нь олон нийтийн сүлжээнд ил болсон, эрх мэдлээ урвуулсныг нь хууль сахиулах байгууллагынхан шалгасаар буй Б.Пүрэвдоржийгоо “байранд нь тавиасай”.