УИХ-ын ес дэх удаагийн сонгууль ирэх зургаадугаар сард болно. Үүнд хэдэн нам, эвсэл оролцох нь дөрөвдүгээр сарын сүүлчээр тодорхой болох юм. Бид парламентад тойргоос 78, намын жагсаалтаар 48, нийт 126 гишүүн сонгоно. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд жагсаалтаа хүйсээр сөөлжүүлж гаргах учиртай.
Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн намын жагсаалтын эхний аравт үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл, эмч, багш мэргэжилтэй, нийгмийн салбарын хүмүүсээс багтаана гэдгээ өчигдөр болсон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь уг жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс мөн оруулна хэмээн амласан билээ. Эрх баригч намын дарга уг амлалтдаа хүрвэл сонгуулийн намын жагсаалтад нь багтах 48 хүний дунд нийгмийн салбарын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орох нь.