УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, орон нутагт үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар ээлжит бус чуулган яаралтай зарлаж, УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд зудын болон байгалийн гэнэтийн гамшиг, аюул тулгарсан нөхцөлд Засгийн газраас ямар арга хэмжээ авах тухай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг шаардсан юм. Мөн тус бүлгээс Зудын аюул үүссэн нөхцөлд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Уг тогтоолын төсөл дөрвөн заалттай. Үүнд зудын нөхцөл үүссэн үед ямар арга хэмжээ авах тухай бодлого боловсруулах, арилжааны банк дахь малчдын зээлийн үлдэгдлийг төр нэг удаа хариуцан төлөх тухай төсөл оруулж ирэх, малчдыг хоёроос доошгүй жилийн турш малын хөлийн албан татвараас чөлөөлөх, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд 2024 оны улсын төсөвт тодотгол хийж, зарлагыг гурван их наяд төгрөгөөр танаж, бууруулах талаар тусгасан” гэлээ. Тэрбээр “Хот, хөдөөгөөр талцаад байх хэрэггүй. Нэг Монгол-Нэг эрсдэл учирч байна. 2000 оны зудын дараа олон малчин хот бараадсан. Одоо малгүй болсон иргэд хотыг чиглэсэн их нүүдэл үүсгэх нь. Даац нь хэтэрсэн хотын агаарын бохирдол, түгжрэл бүр л хүндэрнэ. Тиймээс хот, хөдөө гэж ялгалгүй бодлогын шийдэл хэрэгтэй” хэмээн нэмж хэлэв.
Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүн Ж.Батсуурь “Зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг арваннэгдүгээр сараас эхлэн АН-ын гишүүд сануулсан. Гэвч эрх баригчид тоогоогүй. Гэтэл одоо байдал нэгэнт оройтсон хойно, бас сонгууль дөхсөн учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн сайд нар нь сонгогдсон тойрогтоо ажиллаж, хэдэн машин хивэг зөөх улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 600 мянган мал хорогдсон гэж мэдээлж буй нь худал. Зөвхөн Сүхбаатар аймагт 1.2 сая, зүүн бүсэд хоёр сая гаруй мал хорогдоод байна” гэв. Сүхбаатар аймагт өглөө зам гаргахад өдөр нь дарагдаж буй, малчин айл өрхийн бараа харагдахааргүй их цас унасан тул яндангийн утаагаар нь барагцаалж олж очих нөхцөл үүссэн хэмээн тэд ярив. Улмаар АН-аас “Амь нэгтэй монголчууд” аяныг орон даяар зохион байгуулахаар болсноо мөн мэдээлсэн юм.