Заануудын хувьд өнгөрсөн 32 жилд тохиогоогүй аймшигт он 2011 байлаа. Учир нь 1989 оноос хойш зааны хамгийн олон соёо өнгөрсөн онд зарагдсан тухай Олон улсын зэрлэг ан амьтны худалдаа хянадаг “Траффик” группийнхэн мэдээлжээ. Тус группийн шинжээч Том Милликений мэдэгдсэнээр зааны нийт 23 тонн соёо, 2500 үхсэн амьтныг 2011 онд худалдаалсан байна. Уг нь зааны тоо толгой огцом буурсан тул 1989 оноос соёо худалдаалахыг хоригложээ. Гэвч Ази дахь их хэм жээний эрэлт, хэрэгцээнээс болоод зааны соёог худалдах хууль бус наймаа газар авсан байна. Африкаас хил дамнан борлуулж буй зааны соёоны дийлэнх нь Хятад, Тайландад очдог гэсэн судалгааг ч тэд баталж байна.
Өнгөрсөн зургаан жилд худалдаалсан зааны соёо 10 тонноос хэтэрдэггүй байсан гэнэ. Гэтэл 2011 онд дор хаяж 13 бүлэг ажиллаж, зааны ясыг агаарын болон далайн тээврээр их хэмжээгээр нь хил дамнуулан худалдаалсан байна. Хууль бус наймаачдын хувьд дамжин өнгөрөх гол цэг нь Малайз бөгөөд тэндээсээ Хятад, Тайланд руу явдаг аж. Хамгийн сүүлчийн хэрэг гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд гарчээ.
Малайзын эрх баригчид 1.3 сая ам.доллараар үнэлэгдэх хэдэн зуун соёог Камбож руу нийлүүлэх гэж байсныг илрүүлжээ. Хориглосон хэдий ч цэцэглэж буй уг бизнесийг хумихын тулд зааных нь тоо толгой өсөж байгаа Африкийн хотод соёог цөөн тоогоор зарах асуудлыг хуулиар зөвшөөрөх нь зүйтэй хэмээн амьтан хамгаалдаг зарим байгууллага үзэж байгаа юм байна.
Р.ЦЭЦЭГ