УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар одоогоор албан ёсны даргагүй байгаа аж. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин А.Энхзулыг өнгөрсөн оны гуравдугаар сард томилсон билээ. Тэгвэл тэрбээр уг ажлаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн аж. Түүнийг удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс эдүгээ УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай хавсран гүйцэтгэж буй юм байна. Тэрбээр А.Энхзулаас өмнө буюу Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс байх үед даргаар нь ажиллаж байсан юм. Улмаар газар болгон өргөжүүлэхэд нь дээрх хэлтсийн даргаар томилогджээ. Мөн өмнө нь “Блүүмбэрг” телевиз болон нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанд ажиллаж байсан аж.