УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах нь. Уг айлчлалыг оны эхээр товлосон ч хойшлуулж, энэ сард хийхээр болсон юм байна. Илүү тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Монгол, Киргиз улсын хувьд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал харьцангуй ойрхон хийж буй. Өнгөрсөн оны долоодугаар сарын 9-11-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тус улсын Төрийн тэргүүн С.Н.Жапаров Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Ерөнхийлөгчийн хувиар 21 жилийн дараа зочилсон явдал болсон юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Киргиз улсад айлчилж байжээ. Тэгвэл энэ удаа УИХ-ын дарга төрийн айлчлал хийхээр товлоод байна. Монгол, Унгарын хооронд ч хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буй. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн оны тавдугаар сард манай улсад айлчилсан юм